Улстөр, төрийн байгууллагад томоохон алба хашдаг албан хаагчид ЖДҮХС-аас эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний зээл авсан нь нийгмийг, ард түмнийг нэлээд бухимдуулсан. Тэгвэл тухайн зээл эзэндээ очсон бол жирийн хэдэн иргэн амьдралаа залгуулж, хэдэн ажлын байр бий болох байсан бол гэсэн бодит тооцоо хийж үзье! ЖДҮХС-аас зээл авсан нь илэрсэн улстөр, төрийн байгууллагын нийт 14 албан тушаалтан бий. Тодруулбал,
МАН-ын генсек Д.Амарбаясгалан – 1.300.000.000
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат – 2.000.000.000
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар – 2.000.000.000
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг – 3.000.000.000
УИХ-ын гишүүн Л.Энхболд – 1.300.000.000
УИХ-ын гишүүн А.Сүхбат – 1.300.000.000
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр – 1.950.000.000
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун – 950.000.000
УИХ-ын гишүүн Н.Оюундарь – 800.000.000
УИХ-ын гишүүн Н.Учрал – 950.000.000
УИХ-ын гишүүн О.Батнасан – 950.000.000
УИХ-ын гишүүн Б.Ундармаа – 700.000.000
УИХ-ын гишүүн Г.Солтан – 950.000.000
УИХ-ын гишүүн Б.Наранхүү – 800.000.000
гэсэн бодит тоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалд орчинд хөвөрсөн. Хөврөөд зогсохгүй дээрх нэр бүхий сайд, УИХ-ын гишүүд ЖДҮХС-аас зээл авснаа хүлээн зөвшөөрч, зарим нь уучлал гуйсан бол зарим нь уучлал гуйх шаардлагагүй, авсан зээлээ эргүүлээд төлчихнө гэж “пээдийсэн”. Эдгээр 14 хүний авсан нийт зээл нь 22 тэрбум 950 сая төгрөг болж байна. Өндөр дээд албан тушаал эрхэлдэг 14-хөн хүн нийлээд 23 тэрбум гаруй төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаад авчихаж... Тэгвэл өнөөдөр “ЖДҮ-чин” биш гишүүд “ЖДҮ-чин” гишүүдээ шалгах Түр хороо байгуулж байгаагаа мэдэгдлээ. Зөв алхам, зөв өнцөг. Ард түмний мөнгөнөөс хулгай хийж, банк бус байгууллагаараа дамжуулан ард түмнээ шулсан бол шалгах нь зөв. 3-хан хувийн хүүтэй зээл авчихаад 30 хувиар эргүүлж зээлсэн бол эдийн засгийн гэмт хэрэг болно.
Үндсэн сэдэв рүүгээ оръё! Жирийн иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 23 тэрбум гаруй төгрөг эзнээ олж очсон бол яах байсан бэ? Гарааны бизнесийн, үйлдвэрлэлийн дундаж зээлийн хэмжээ 80 сая төгрөгөөс эхэлдэг. Тэгвэл 23 тэрбумыг 80 саяд хуваавал ирээдүйд Монгол Улсад хөгжил авчирах 287.500 залуу гарааны бизнесээ эхэлж болохоор байлаа. Цаашилбал, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсдэг хамгийн дээд зээлийн хэмжээ нь 150 сая төгрөг. Мань 14 нөхрийн ард түмнээс дээрэмдсэн 23 тэрбумыг 150 саяд хуваавал 153.333 аж ахуй, нэгж, үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө сайжруулж, ажлын байраа нэмэгдүүлж болохоор байлаа. Дээр дурдсан гарааны бизнест энэ 23 тэрбум төгрөг хүрсэн бол 1.150.000 оюутан, залуус ажлын байртай болох байлаа. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ажлын байраа 10 хүнээр нэмэгдүүлсэн бол 1.533.330 хүн шинээр ажлын байртай болох байлаа.
Шадар сайд асан, одоогийн Ерөнхий сайд маань танхимаа тонгорохын тулд шагналд зарцуулсан 23 тэрбум төгрөг жинхэнэ эздэдээ очсон бол Монгол Улсад, гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудад, тоног төхөөрөмжөө сайжруулахаар зорьж зээл хүссэн жижиг, дунд үйдвэрлэгчдэд ямар их нэмэр болох байсан бол... Албан тушаалд шунан дурлаж болно. Ард түмний мөнгийг албан тушаалд хүрэхийн тулд амалж өгдөггүй юм л даа, Ерөнхий сайд аа... Таны шагнасан мөнгө жинхэнэ эздэдээ хүрсэн бол Монгол Улсын ЖДҮ хагас алхам ч гэсэн урагшлах байлаа...
