Баярцогтын огцорсон шалтгаан Хүрэлсүх дээр давтагдаж байна,  Хүк огцрох уу

Ард түмнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүйгээ байн байн илэрхийлж, зөвхөн хуульд захирагдана хэмээн амлах дуртай Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ачир дээрээ хууль зөрчигч болох нь олон баримтаар илчлэгдсээр байна. Түүний нэгийг сөхье.

 

У.Хүрэлсүх 2015 онд Засгийн газрын Шадар сайдаар ажиллах богинохон хугацаагаа ашиглаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Бугатын аманд 1.5 га газар авчээ.

 

 

Тэнд тансаг зэрэглэлийн амралтын газар барих Хүк-ийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, барилга байгууламжууд баригдаж, дуусах шатандаа орчихоод байгаа.

 

Жирийн иргэдэд хүсээд ч олддоггүй энэхүү тусгай зөвшөөрлийг тэрбээр 2015.07.22-ны өдөр өөрийн гараар өргөдөл бичин авчээ. Өргөдөлдөө усан бассейн, морин болон явган аяллын маршрут бүхий цогцолбор байгуулах тул 30 жилийн хугацаатай, 1.5 га газар олгохыг хүссэнийг тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол ёсоор болгожээ.

 

2015/596 тоот газар ашиглах гэрчилгээ, өргөдөл, сайдын тушаал Таны өмнө байна. Хурандаа Хүк үүнийг шударга ёсны төлөө тэмцэх гэхээр миний эсрэг зохиомол баримт гаргаж тавих гэж байна гэж арай гөрдөхгүй байлгүй дээ.

Хамгийн гол нь тэрбээр өөрийн нэр дээр байдаг энэхүү объект буюу үл хөдлөх хөрөнгөө ХОМ-д тусгасангүй. Эрхбиш 1.5 га газар ашигладаг гэдгээ л дурдаж. Зөвхөн энэ үйлдлийнхээ төлөө тэр Ерөнхий сайдаас огцрох ёстой. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд мөн хуулийн 13.8.4-д зааснаар “нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдээлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас хална” гэснээр хариуцлага хүлээх нь тодорхой болжээ.

 

Энэ дашрамд ХОМ-доо мөнгөн хөрөнгөө тусгаагүй гэдэг шалтгаанаар хэдэн жилийн өмнө С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдсөнийг сануулахын ялдамд энэ жишиг У.Хүрэлсүхэд ядаж мөрдөгдөх байлгүй дээ гэж хүлээе.

 

 

Өөр нэг ноцтой зүйл бол тэрбээр газрын гэрчилгээгээ өөр хүний нэр дээр яаралтай шилжүүл гэсэн үүргийг өөрийн хамсаатан, хууль зөрчигч, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, өөрийнх нь хамаарлын гэж хэлж болох Зүүний хүчний холбооны итгэлт нөхөр, яамны дэд сайд Ц.Батбаярт өгч, өнөөдүүл нь идэвхийлэн хөөцөлдөж байна. 

Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж авсан газраа нуун дарагдуулсан энэ үйлдэл шударга ёс мөн үү. Хуулийн өмнө Топор сайд маань иргэн бидэнтэйгээ адил эрх тэгш байж чадаж байна уу. Ийм хүн энэ нийгэмд шударга ёс тогтоож чадах уу.