УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж, гишүүдийн 80 хувь нь дэмжсэнгүй. Байнгын хорооны хуралд Ерөнхий сайд, Сангийн сайд нар оролцоогүй бөгөөд хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн. Хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцсон бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн зүгээс ирэх оны төсөвт яагаад хориг тавих болсон талаар тайлбар өгсөн. Тэрбээр “Гишүүний мөнгө, концесс, гаалийн шинэчлэлийн мөнгийг хамаад 500 орчим тэрбум төгрөг гарах юм байна. Засгийн газар төсвөө татаж авах юм бол, тэр 500 тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчилж болно. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг Ерөнхий сайд дэмжиж байсан учраас хориг тавьсан” гэж тайлбарласан билээ. Тэгвэл байнгын хорооны гишүүдийн зүгээс тойрог тус бүрт тусгасан мөнгийг “гишүүдийн мөнгө” гэж ярих нь буруу гэсэн юм.
Харин үүнд тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Монгол Улс Засгийн газар ч үгүй, төсөв ч үгүй улс төрийн хүнд үед төсвийн хориг ороод ирлээ. Хүнд нөхцөл байдалд орсныг хэлэх ёстой" гэсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганболд "Сангийн сайд оруулж ирсэн төсвөө хамгаалах ёстой байсан. Олон нийтэд зөв мэдээллийг өгөх хэрэгтэй байна. Дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл төсвийг боловсруулдаг. Аймаг нийслэл арванхоёрдугаар сарын 1, сум дүүрэг 20-ны дотор төсвөө батлах ёстой. Ингэж байж төсвийн жил эхэлдэг. Гэтэл хоригийг хүлээж авахаар хойшоо татагдана. Энэ бүхэн хэний буруу вэ. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна уу" гэсэн.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "500 тэрбум төгрөг асуудал байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа 300 тэрбум төгрөг гэж ярьж байсан. Зураг төсөвгүй гэж хориг тавьсан хэрнэ зураг төсөвгүй 500 тэрбум төгрөг тавиулъя гэж байна. Төсвийн байнгын хороон дээр үүнийг төсөвт тавих мөнгө биш компаниуд өөрсдийнхөө хөрөнгөөр хийчихнэ гэж тайлбарлаад байгаа юм. Мөн бүхэлд нь тавьсан учраас улс орон төсөвгүй ирэх жилтэй золгох гээд байгаа учраас хоригийг хүлээж авах боломжгүй болчихоод байгаа юм. Гишүүдэд найман тэрбум төгрөг тавьсан гээд байгаа юм. Үүнийг гишүүд халааслаад л явчих юм шиг юм яриад байх юм. Энэ бол тойрогт хөрөнгө оруулалт хийх мөнгө. У.Хүрэлсүх сайд болсноосоо хойш гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлдэг болгоно гэж ярьж байна" гэв .
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Хориг бол нэг талаасаа үндэслэлтэй гэж харж байна. Ирэх оны төсөв бол 2020 оны сонгуульд чиглэсэн тооцоо судалгаа муутай болсон. Өнгөрсөн жилүүдийн төсвийн алдагдлыг нийлүүлээд тооцоход 7 их наяд төгрөгийн өрийг хойч үедээ үлдээж байна. Энэ нь Монгол Улсын бүтэн нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Шатахууны үнэ тэнгэрт хадлаа, цалин тэтгэврийг нэмлээ гээд ханшийн өсөлтөд дарамтлуулна. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгөн дээр маргалддаг ч өөрсдөө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулж хэдэн тэрбум төгрөгийн хүүгүй зээл авч байгаагаас ичих хэрэгтэй. Энэ бүхнийг харгалзан үзээд, бид ирэх оны төсөв дээр нухацтай хандах ёстой" гэв.
