Засгийн газрыг огцруулах асуудлыг дараах дэгээр хэлэлцэнэ

Д.Хаянхярваа тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн өчигдөр Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьж, огцруулах болсон долоон үндэслэлийг уншиж танилцуулсан. Тэгвэл Монгол Улсын Их хурлын Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам” гэж заасан бөгөөд дараах дэгээр хэлэлцдэг юм байна. Үүнд:

 

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ, 38 ДУГААР ЗҮЙЛ

38.1.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

38.2.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно. /Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

38.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

38.4.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

38.5.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаан дээр үг хэлж болно.

38.6.Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч холбогдох тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол энэ зүйлд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн заажээ.