“Энто” ХХК-ийн хуулийн зөвлөх Ш.Алтангадас: Д.Сарангэрэл сайдыг компанийн нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн

Эрүүл мэндийн яамнаас томуугийн үед хүүхдийн дархлаа дэмжих зорилгоор шулуун гэдсээр хийж хэрэглэдэг "Виферон" лааны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ  “Энто” компанийн оруулж ирдэг энэ лаа нь олон улсад бүрэн судлагдаагүй. Эмчилгээний үр дүн нь батлагдаагүй хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл  энэ асуудлаар импортлогч “Энто” компаниас хариу мэдээлэл хийсан. Тус компанийн хуулийн зөвлөх Ш.Алтангадас мэдээллийн эхэнд “ЭМЯ өнөөдөр хийсэн хурлаараа “Энто” компанийн оруулж ирдэг “виферон” лаатай холбоотой нийгэмд үзүүлж буй үр нөлөөний талаар албан ёсны байр суурь илэрхийллээ. “Виферон” лаа 2010 онд эмийн бүртгэлд бүртгэгдсэн. Манай улсад найм дах жилдээ худалдаалагдаж байна. Төрийн байгууллагаас хийгдсэн судалгаа байдаг. Тухайлбал, эмийн гаж нөлөөний судалгаанд 2010 онд бүртгэгдсэнээс хойш “виферон” лаатай холбоотой ямар ч гаж нөлөө илрээгүй. Нөгөөтээгүүр 2010 онд эмийн бүртгэлд  бүртгэгдэхдээ бүртгүүлэх шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж өгсөн хангалттай материал бий.

Гэтэл ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Бидэнд ямар нэгэн нотолгоо эмийн сөрөг үр нөлөөтэй холбоотой ямар ч баримт одоогийн байдлаар ирүүлээгүй байсан”  гэдгийг хэлж байна лээ. Монгол Улсад эмийн бүртгэх журам гэж  бий. Тэр хууль журамд заасан баримт бичиг буюу судалгааны тайлан дүгнэлтийг өгч эмийн жагсаалтад оруулсан байдаг. Хоёрдугаарт, өмнөх хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны сайдын зөрүүтэй мэдээллээс болоод хэн хохироод байгаа вэ гэвэл хэрэглэгч хохирч байна. Иргэдээс бидэнд тайлбар хийгээч ээ гэсэн хүсэлт ирүүлж байгаа.

Сайдын хэлсэнчлэн “виферон” лаа 1-2 жилд хүүхдийн дархлааг устгадаггүй. Энэ мэдээлэл өнөөдрийн байдлаар үгүйсгэгдэж ЭМЯ-ны байр суурь ч зөрөлдөж байна.

Өнгөрөгч пүрэв гаригийн байдлаар “Энто” компанийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл өгсөн. Ингэхдээ компанийн нэр хүндэд халдлаа гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. Энэ лаа Монгол Улсад огт бүртгэгдээгүй, нотлогдоогүй гэсэн зүйлийг сүүлийн хэд хоногт ярьж байна. Үүнд тайлбар өгөхөд 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн эм зүйн салбар судлалын дүгнэлт байдаг. Уг дүгнэлтэд “виферон” лаа ямар нэгэн асуудалгүй, эрүүл мэндийн эмнэл зүйн салбарт хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт байгаа” гэсэн юм.

Дашрамд, ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2015 онд Виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 91 мянган хүн энэ лааг хэрэглэсэн дүн гарсан билээ. Өнөөдрийг хүртэл "Виферон" лаанд ЭМД-ын сангаас 3.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 онд хөнгөлөлттэй эмийн хүүхдийн ангиллаас Виферон лааг хассан юм.