Ж.Мөнхбат: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын даргад халдлагын асуудалтай холбоотойгоор албан тоот хүргүүлсэн

Ж.Мөнхбат:

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Миний зөвлөхийн биед халдсан үйлдэл гарлаа. Гэтэл зарим хэвлэлээр намайг өөрөө зохион байгуулж, зөвлөхийнхөө биед халдлаа. Улс төрийн шоу хийж байна. Өнгөрсөн жил Засгийн газрыг огцруулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан шиг үйлдлийг Ж.Мөнхбат гаргаж байна” гэж бичиж байна. Би улс төрийн зарчмын байр суурь итгэл үнэмшлийг хэнээс ч айхгүй хэлж, хийдэг. Би ийм зүйл хийхийн тулд зөвлөхийнхөө толгойг турбагаар цохиод зогсож байх ёс суртахуунтай хүн биш. Энд хүний алтан ам, эрүүл мэндийн чухал асуудал яригдаж байна. Миний хувьд үүнийг улс төрийн анхааруулга өгч байгаа дохио биш байгаа гэж харж байна. Гэхдээ надад баталгаа байхгүй учраас хамаагүй хардаж болохгүй байх. Одоо энэ асуудлыг хуулийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын даргад халдлагын асуудалтай холбоотойгоор албан тоот хүргүүлсэн. Ингэхдээ миний гэр бүл миний бие, миний хамтран зүтгэгчдэд цаашдаа эрсдэл гарч болзошгүй байна. Тиймээс сэргийлж өгнө үү гэх албан тоот өгсөн. 

УИХ-ын чуулганы танхимд би нэлээн хатуу байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ Засгийн газрыг огцор гэж хэлсэн. Мөн энэ бичигт гарын үсгээ зурсан. УИХ-ыг тараах асуудлыг ярьсан. Тиймээс дээрх халдлага энэ бүхэнтэй холбоотой байж болзошгүй гэж бодож байна. Гэхдээ яг баталгаатай биш. Тэгж хардаж байна. Өнгөрсөн бямба гаригийн чуулганы хуралдаанд УИХ-ыг тараах тухай ярьсан. Өнөөдрөөс өөрийнхөө албан баланкан дээр гарын үсэг цуглуулна. Зарим нэг гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурна гэсэн. Өчигдөр Ерөнхий сайд намын байранд залуучууд дуудаж жагсаал цуглаан байгуулах тухай ярьсан байна. Ингэж болохгүй" гэсэн юм. Түүнийг энэ мэдэгдлийг хийсний дараа сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан.

-МАН-ын удирдлагууд хоорондоо учраа олж болохгүй байгаа юм уу? 

-Намын доторх маргаан сая ч эхэлсэн юм биш. Бүлгийн дарга Д.Хаянхярвааг намаа бутаргасан гэх сонин үндэслэлээр огцруулсан. Би үүнтэй санал нийлэхгүй. Аль өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэс л ан цав гарч эхэлсэн. 

-Та Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэлээ. Хэддэх гишүүн болж зурсан бэ?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. 

-Нэг намын дотоод хагарлаас болж үймээн самуун нэгдвэл яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ? 

-Намын удирдлагуудын түвшинд үүссэн асуудал гацаа түгжээ болж байгаа нь үнэн. Намын эрх ашгийн дээр улс эх орны эрх ашиг бий. Гэхдээ нийгмийн өдөөн турхирсан зүйл арай ч хийхгүй байх. Нийгмээ хагаралдуулсан зүйл хийхгүй байх. Хүний амь нас эрүүл мэнд нэгдүгээрт шүү гэдгээ хэлсэн.

-УИХ-ыг тараах бичигт хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ? 

-Засгийн газрыг огцор, УИХ-ыг тар гэсэн шаардлага тавьж байна. Хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газар огцрох ёстой. Хэрвээ Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг нар гарын үсэг зурахаа илэрхийлсэн.