УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийн биед халджээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн ням гарагт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  “Засгийн газар нь ч огцоръё. УИХ нь ч таръя. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өөрийнхөө албан бланк дээр УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсэг цуглуулна. Дэмжиж байгаа гишүүд миний бланк дээр гарын үсэг зураарай гэж уриалж байна. Тоглоомоо булаацалдаад хоорондоо зодолдож байгаа хоёр хүүхдийг аав нь хонгон дээр нь шавхуурдаад өгөхөөр хоёулаа чимээгүй болдог. УИХ, Засгийн газар хоёрт ард түмэн шавхуур өгөх цаг нь болж. ЖДҮ-ийн хэргийг шүүмжилснийхээ Бодит зарчим, үнэн байдлыг нь хэлэхээр барьж хорино, хэрэг үүсгэнэ гэдэг болчихсон байна. 1937 он эргээд ирж байгаа юм уу? Энэ арай дэндлээ” гэсэн хатуу үгтэй мэдэгдэл хийсэн.

 

Тэгвэл түүнийг мэдэгдэл хийсний маргааш нь түүний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь насанд халдахыг завдсан хэрэг гарчээ. Энэ тухайгаа Ж.Мөнхбат гишүүн  “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү? Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээн өөрийн цахим хуудасдаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаад байгаа аж.