Улсын төсөв хэлэлцэж, Засгийн газрын гишүүнийг томилох гээд улс орны ирээдүйг шийдэх амин чухал асуудлыг хэлэлцэж буй энэ өдрүүдэд Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн бараа харагдсангүй. Шадар сайдын өгүүлснээр түүний нуруу нь өвдөж чилээрхсэн юм байх. Ямартай л үдээс өмнө хуралдсан чуулганы хуралдаан дээр гишүүд бухимдаж, О.Баасанхүү МАН-ынханд хатуу үг дайсан бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч бас халуухан мэдэгдэл хийсэн. Ингэхдээ тэрбээр “ЖДҮ-чин” сайд гишүүддээ хариуцлага тооцохгүй бол манай нам завсарлагаа үргэлжүүлсээр байх болно хэмээсэн юм.
Тэгвэл үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ж.Мөнхбат гишүүн үнэн бөгөөд хатуу үгийг гишүүдэп дайлаа. Тэрбээр “Валютын ханштай холбоотой хамгийн чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Сангийн сайд суух ёстой гэдэгт би санал нэг байна. Өчигдөр бас хуралдаа суугаагүй. УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад байна. Би даваа гаригаас эхлэн өөрийнхөө бланкан дээр УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ. УИХ нь ч таръя, Засгийн газар нь ч огцоръё. ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд нэгнээсээ уралдан уучлалт гуйж, зээлээ төлсөн эсэхээрээ уралдаж, улс орны чухал асуудлыг хэлэлцэх үед чуулганд суухгүй байна. Үүний эсрэг явсны төлөө намайг гүтгэж хэвлэлээр бичих болов. УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачилга гаргаад УИХ-ыг тараая. Тарцгаая гэж уриалмаар байна. УИХ-ыг тараах саналыг би даваа гаригаас эхлэн өөрийнхөө бланкан дээр гаргана. Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя. УИХ-ыг тараах саналаар горимын санал гаргаж байна” гэсэн юм. Ингэснээр гишүүдийн ирц бүрдэж Сангийн сайд нь ирсэн үед эргэж орж ирж чуулганы хуралдааныг үргэлжлүүлье гэж хэлээд АН-ынхан чуулганыг орхисон юм.
Үнэндээ сүүлийн үед УИХ, Засгийн газрын ажиллах зарчим алдагдаад байна уу даа гэмээр байгаа бөгөөд УИХ-ын Засгийн газрын гишүүд нь ЖДҮХС-гийн зээлээс тэрбум тэрбумаар нь халаасалж, түүнийг дагаад ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрээд байгаа юм.
