У.Хүрэлсүхийн танхимын гишүүд ЖДҮДС-гаас их хэмжээний мөнгө зээл нэрээр авсан нь тодорхой болоод байгаа. Тэгвэл УИХ-дахь ЖУДҮ-чин тодотголтой гишүүдийн тоо гурваар нэмэгдэж магадгүй болоод байна. Учир нь АТГ-аас улстөрчдийн нөлөөгөөр ЖДҮХС-гаас авсан, зээл нь зориулалт бусаар зарцуулагдсан, бусдад авлига өгсөн байх магадлалтай гэж үзсэн компанийн захирал болон хамаарал бүхий хүмүүсийг нь дуудаж байцаалт авч байгаа. Тэдгээрээс өнгөрсөн шөнө “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн, “Хас говь транс” компанийн захирал Чагнаасүрэн гэж хоёр хүнийг саатуулжээ.
Хамгийн сонирхолтой нь эдгээр компанийн авсан зээлийг УИХ-ын гишүүн Л.Энхболд болон өөр хоёр ч залуу гишүүнтэй хамаатай байж болох сэжүүр олдсон сураг ч дуулдаж байна.
Жижиг дундаас 950 саяыг туусан “Хас говь транс” компани үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй, нэг үгээр цаасан дээрх компани байж магадгүй гэсэн яриа ч байна.
ЖДҮХС-гаас 1,2 тэрбумын зээл авсан “Жаргалант харвест” 2009 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Одоогийн эзэмшигч Л.Батсүрэн 2018 оны дөрөвдүгээр сард худалдаж аваад зургадугаар сарын 29-нд данс руугаа мөнгөө шилжүүлээд авсан баримт нь байгаа аж. Мөн тус сангаас 650 саяыг зулгааж чадсан “Азийн говь” гэж нэртэй компанийг ч түүнд хамаатай гэж байна. Түүнчлэн Л.Энхболд гишүүнтэй хамтран ЖДҮХС-гаас зээл авсан хоёр гишүүнийг ч бас шалгаж магадгүй байгаа бөгөөд тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нэр холбогдоод байна.
