Г.Нямжав:  Мөнгөтөй байх нь буруу зүйл биш. Харин юунд зарцуулах нь чухал

 “Амин инвест” компанийн Хэвлэлийн газрын захирал Г.Нямжавтай ярилцлаа.  Сүүлийн үед тус компани дэлхийд бестселлер болж буй номнуудыг эрхлэн гаргаж, монголын ард түмэндээ бэлэг барьж буй. Тухайлбал, тус компанийн хамт олон “Очир огтлогч”, “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль”, “Рекламны сэтгэл зүй”  зэрэг дэлхийн шилдэг номыг эрхлэн гаргасан бөгөөд эдгээр бүтээлүүд нь аль хэдийнэ туршлагатай бизнесмэнүүдээс эхлээд ихийг хийж бүтээх хүсэлтэй залуусын ширээний “анд” нь болсон билээ.   

 

-Танай компани хэвлэлийн салбарт орж ирээд удаагүй ч том ажил амжуулсан гэдэг нь ширээн дээр байгаа бүтээлүүдээс харагдаж байна. Ингэхэд дэлхийн бестселлэр бүтээлүүдээс яагаад чухам бизнесийн чиглэлийг нь сонгон уншигчдын хүртээл болгохыг зорив?

-Анх “Очир огтлогч” номыг цөөн хувиар хэвлүүлж гаргасан. Энэ бүтээл бурхны сургаалийн дагуу  бизнес хийж, ажил амьдралаа зөв залж , түүгээр ч барахгүй  “Андин” олон улсын алмазны компанийг үндэслэн баян болсон гэвш Майкл Роүч гэдэг хүн бичсэн ном. Энэ ч утгаараа манайханд их сонирхолтой, сэдэв нь ч шинэлэг байсан болов уу. Худалдаанд гарсан цагаасаа бестсэллэр номын жагсаалтад дээгүүрт бичигдэж, эрэлттэй номын нэгээр нэрлэгдсэн. Иймээс энэ чиглэлд түлхүү анхаарч, хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг анзааран номоо дахин хэвлүүлсэн. Улмаар дэлхийд үнэлэгдсэн ийм шилдэг бүтээлүүдийг орчуулж, эрхлэн гаргах нь зөв юм байна гэж үзсэн. Ингээд л “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль”, “Рекламны сэтгэл зүй”  зэрэг номыг цуврал болгон гаргаж, уншигчдынхаа гар дээр хүргээд байна. Нөгөө талаар энэ бүтээлүүд маань бизнесийн амин чухал үндэс суурь болсон мэдлэгийг өгдөг. Учир нь бүх хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг эрмэлзэх  болсон энэ цагт зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэгийг орхигдуулаад байгааг олж харсаны үндсэн дээр  дэлхийн шилдэг бизнес эрхлэгчдийн олон жилийн  бизнесийн  амжилт, уналт, ялалт ялагдлын туршлаган дээрээ үндэслэж эдгээр ном бичигдсэн. Бид ч түүнийг орчуулан хэвлүүлж гаргаж байна.  

- “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номыг уншиж байхад нээрэн бид яагаад үүнийг анзаараагүй юм бол гэж бодох зүйл их байсан?

-Тийм ээ. Уг нь маш олон хүн өөрийн эрхэлж буй бизнесээ амжилттай  удирдаж, богино хугацаанд амжилтад хүрэхийг хүсдэг. Харамсалтай нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийн 95 хувь нь амжилтад хүрч чадалгүй хаалгаа барьдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ нь таны хэлж байгаачлан бид энгийн хэрнээ зайлшгүй мэдэж байх ёстой зүйлийг анзаарахгүй, мэдэхгүй орхисонтой холбоотой байдаг байх. Нөгөө талаар манайд бизнес, маркетингийн чиглэлээр олон ном зохиол хэвлэгдэн гардаг ч уншигчдад ч өгч байгаа үр өгөөж нь хангалттай байдаггүйтэй холбоотой болов уу. Харин манай компаниас хэвлэн гаргаж байгаа “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” ном нь дэлхийн шилдэг компаниуд болон хувь хүмүүсийн бизнесээ хэрхэн зөв удирдаж амжилтад хүрсэн түүхийг маш ойлгомжтой бас сонирхолтойгоор тоймлон багцалж, зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэгийг цэгцтэй, хүнд мэдлэг болон үлдэж чадахуйц байдлаар хүргэж байгаагаараа давуу талтай юм.

-Сонирхолтой санагаад асууж байгаа юм шүү. Олон хүн ном уншдаг. Гэвч түүнийгээ амьдрал дээр мөрдлөг болгохоосоо өмнө мартчих гээд байдаг муу зуршилтай байдаг. Ер нь яавал, ямар арга хэрэглэвэл  уншсан номоо өөрийн амьдралдаа зөв мөрдлөгө болгож, үр дүнд хүргэж чаддаг юм бол?

-Номыг унших нэг хэрэг. Харин тархиндаа үлдээнэ гэдэг хамгийн чухал зүйл. Манай номын редактораар “Амин Инвест”  компанийн ерөнхий захирал, физикийн ухааны докторант  Н.Тэгшбаяр ажилласан. Захирлын хувьд ном гэдэг амьдралынх нь  нэг хэсэг юм шиг санагддаг. Яагаад гэвэл өглөө болгон нэг цагийг ном уншихад зарцуулдаг. Иймээс ч бидэнд зөвлөгөө өгдөг. Тухайлбал, “Энэ 22 хуулиас өдөр бүр нэгийг унших зарчмаар 22 өдөр уншиж дуусга. Уншсан зүйлээ бусдад ярьж, дэргэдэх хүнтэйгээ зөвлөж,өөртөө мэдлэг болгон үлдээ. Түүнийгээ бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүдлэхэд бодитой хувь нэмэр болго” гээд л... Бидний хувьд захирлын хэлсэн зарчмыг  мөрдлөг болгодог. Өөрсдийн амьдралдаа, ажилдаа хэрэгжүүлдэг. Тэгэхээр уншигчид маань ч бас энэ зөвлөгөөг дагахад буруудахгүй болов уу. Тэгэхээр манай компани ч өөрсдийн байгууллагын дүрэмдээ тусгаж өгсөн мөн албан хаагчид өглөөний хүн болж өөрчлөгдөж байгаа маш ололттой байгаа юм. 

-Тэгвэл таниас асууя л даа. “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номыг уншсан хүмүүсийн ож авах хамгийн чухал зүйл юу байх вэ. Энэ номоос таны сэтгэлд үлдсэн хэсэг гэвэл?

-Маш олон бизнесмэн энэ номын талаар өөр өөрийнхөөрөө дүгнэсэн байдаг. Тухайлбал, “Жиант”  группийн гүйцэтгэх захирал Барт Шугерман  л гэхэд “Маркетингийн хөдлөшгүй хуулийн тухайд миний өрсөлдөгчид битгий л олоод уншчихаасай гэж залбирмаар тийм гайхалтай бүтээл болж чаджээ” гэж хэлсэн байдаг. Энэ зохиолын хувьд нэг нэгнээсээ ургаж гарсан мэт боловч өөр өөрийн онцлог бүхий, бие даасан 22 хууль бий. Эдгээр хуулийг тус бүрт нь жишээгээр тайлбарлаж бичсэнээрээ их сонирхолтой. Өөрөөр хэлбэл эдгээр 22 хуулийг бүгдийг толгойндоо оруулаад яг, таг мөрдөж чадвал та бизнесийн салбарт  эрсдэлд орохгүйгээр амжилтад хүрэх боломжой юм. Харин зөрчвөл, эс дагавал таны өмнө эрсдaэл гарч ирсээр л байх болно. Энэ бол бодит байдал юм.

-Бас “Рекламны сэтгэл зүй” номыг орчуулан гаргасан юм билээ. Манайд рекламны чиглэлээр бичсэн бүтээл бараг байдаггүй байх шүү?

-Энэ ном нь бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах, үйлчилгээ, үйл ажилагаа эрхлэх гээд бизнес эрхэлж байгаа, бизнесийн ашиг орлогоо реклам зар сурталчилгаагаар олон хүмүүст хүргэж илүү их ашиг олохыг хүсч байгаа хэн бүхэнд зориулагдсан шилдэг бүтээл. Энэ номыг рекламны загалмайлсан эцэг хэмээн дэлхийд нэр алдар нь түгсэн Дэвид Огилв бичсэн. Түүний хамгийн алдартай бүтээл нь. Таны хэлсэнчлэн манай улсад энэ чиглэлээр бичсэн ном зохиол, гарын авлага байдаггүй. Иймээс л энэхүү номыг сонгон эх хэлнээ орчуулан гаргаад байна. Энэ бүтээлээс реклам зар сурталчилгааг бүтээх ажил юунаас эхлэх ёстой гэдэг асуултаас эхлээд, эцсийн бүтээл болж үзэгчдэд хүргэхэд юуг анхаарах, цаашлаад бараа бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлж, хэрэглэгчдийн тоог тогтоон барих арга техник зэрэг рекламны амин чухал ойлголтуудыг олж авна. Дашрамд хэлэхэд энэ номын тусламжтайгаар дэлхийн алдартай рекламууд гарсан байдаг юм билээ.

-Танай компанийн хувьд бизнес эрхэлж байгаа хүмүүст маш хэрэгтэй цуврал бүтээлүүд гаргасан байна. Нууц биш бол дараагийн бүтээл чинь ямар ном байх бол?

-Манай компанийн гаргасан цуврал бүтээл олон уншигчийн талархалыг хүлээж, бизнес эрхлэгч хүн бүрийн ширээний ном болж чадсанд баяртай байгаа. Бидний дараагийн бүтээл бол дэлхийн алдартай хүмүүсийн цуврал ном. Тодруулбал, холливудын жүжигчин болон дэлхийн алдартай хүмүүсийнн  Нэр алдар, амжилтад хүрсэн хүн бүр дардан замаар замнадаггүй. Түүнд гоо үзэсгэлэн,  авьяас чадвар байсан ч амьдарлд нь маш олон саад бэрхшээл, зовлон гуниг байсан. Энэ бүхнийг хэрхэн даван туулж амжилтын оргилд хүрсэн тухай энэхүү номонд өгүүлэх юм.  Энэ удаагийн номоо бид англи хэл дээр эрхлэн гаргаж байгаа бөгөөд 10 жилийн сурагч болон оюутан залуусийн оюуны цангааг тайлах болон мэдээлэл авах зорилгоор тус номоо хэвлэн гаргаж байна. Хэлс сурах бол мэдлэг олж авах бус мэдээлэл авах хэрэгсэл юм  тэгэхээр бид залуусдаа тэр арга замд нь тус дэм болох зорилгоор тус цуврал номоо  уншигчиддаа хүргэж байна.

-Танд баярлалаа.

-Баярлалаа.