Монголын төр эзгүйрснийг, хариуцлагагүй болсныг бас ямар даржин өрөвдөлтэй харагдаж буйг дөнгөж саяхан эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан харуулав. Тодруулбал, УИХ-ын чуулганы өнөөдрийнхуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан юм. Гэвч Монголын Улсын Засгийн газартай холбоотой амин чухал асуудлыг хэлэлцэх гэтэл өөрийгөө хариуцлага, дүрэм журам, шударга ёсны “эзэн” хэмээн цоллодог Ерөнхий сайд маань ирсэнгүй. Ямартай л үүнд бухимдсан О.Баасанхүү гишүүн “Сайдын асуудал хэлэлцэх гэж байхад Ерөнхий сайд нь орж ирсэнгүй. Орж иртэл нь тус асуудлыг хэлэлцэхгүй байя” гэсэн горимын санал гаргасан.
Мөн УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч гайхширч “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. Манай бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд бий. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг дэмжих боломжгүй гэж үзэж буйгаа манай бүлэг мэдэгдсэн. Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш” хэмээсэн юм. Харин шаварт унасан шарын эзэн гэгчээр хөөрхий Шадар сайд Ө.Энхтүвшин нь “Ерөнхий сайд зугтаагаад ирээгүй юм биш. Нуруундаа бэртэл авсан. Үүнийг далимдуулах хэрэгггүй. Төрийн ажил явдгаараа явна” хэмээн бувтана билээ.
Эндээс харахад Монгол төрийн нуруу хугарчээ.
