Д.Амартүвшин түрүүлж, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

Недерландын Гаага хотноо өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн Гран При тэмцээн уламжлал ёсоор эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаануудаар эхэллээ. -60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин аваргын алтан медаль хүртэж, Гран При ангилалаас 6 дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр Болгарын Янислав Герчев, Сирийн Мохаммед Аккаш, Бразилийн Фелипе Пелим нарыг ялж хэсгээ манлайлсан бөгөөд хагас шигшээд нутаг нэгт гавьяат Ганбатын Болдбаатарыг торгуулиар ялсан. байна. Тэрбээр аваргын төлөө Японы Аоки Даитай хүч үзэж нэмэлт цагт мөн торгуулиар ялснаар төрийн дууллаа эгшиглүүллээ.

Түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн бөгөөд АНУ-ын Дэвид Агуглиа, Недерландын Бас Коффижберг, Францын Ромарик Вендям Боуда нарыг цэвэр ялаад  Д.Амартүвшинд ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө олимпийн хүрэлтэй Бразилийн Фелипе Китадайг вазари үнэлгээгээр ялснаар Гран При ангилалаас 4 дэх хүрэл медалиа гардлаа.

Мөн энэ өдөр -66 кг-ын жинд зодоглосон Азийн аварга ОУХМ Довдонгийн Алтансүх Герман, Албани, Украины бөхчүүдийг ялсан ч хагас шигшээд Израилын Барух Шмайлов, хүрэл медалийн төлөө Германы Себастьян Сейдельд ялагдснаар тавдугаар байр эзэллээ.

Өнөөдөр тус тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:00 эхлэх бол медалийн барилдаанууд шөнийн 00:00 цагаас явагдана. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг, ОУХМ Болдын Ганхайч, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Сономдагвын Чинзориг нар хүч үзнэ.

Эхний өдрийн дараах байдлаар манай жүдочид 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа нийт 62 улсаас хоёрдугаарт эрэмблэгдэж байна.