УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардав. Тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга таны нэр холбогдсон. Тиймээс Та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна” гэв. Браво. Энэ тэр хариуцлага, сахилга бат биш үү, Ерөнхий сайд аа.
Төрийн тэргүүн хүртэл мал хамгаалах сангаас нөхрийнх нь компани зээл авсан асуудалд холбогдсон хэвлэлийн албаны даргаа ажлаас нь чөлөөлчихлөө. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зээл авсан. Төрийн тэргүүний албаэ ёсны цахим хуудсанд “... дээрх компанийн үйл ажиллагаа нь Ж.Цэсэнгээс хамааралгүй, тендер зохих журам, шаардлагын дагуу явагдсан хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна” гэжээ.
Одоо таны ээлж. Зам тээвэр, хөгжлийн сайдад томилоод удаагүй байгаа хуурай дүүгээ өрөөндөө дуудаж, яг ийм шаардлага тавьбал Ухнаагийн хүү хэлсэндээ хүрдэг, хийснээ гүйцээдэг гэж итгэхэд олон нийт бэлэн байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих шаардлагатай хэмээн том дуугардаг Я.Содбаатар эхнэрээ танихгүй болтлоо тэндээс “идчихсэн”-ийг нийтээрээ харлаа. Нэр холбогдсоныхоо төлөө Д.Хүрэлбаатар албан тушаалаасаа огцорч байна.
Гэтэл нэр холбогдох нь битгий хэл авсан нь илчлэгдэж, авсан зээлээ банк бусаар дамжуулан ашиг олсон байх ч магадлал бий болчихоод байгаа Я.Содбаатарын толгойг илээд өнгөөрөөвөл У.Хүрэлсүх шоудаж байсан нь илчлэгдэнэ. Яг л шатахууны үнээр шоудаж, Женкогийн утсан хүүхэлдэй шиг аягласан нь баталгаажсантай адил. Яагаад гэвэл сүүлийн үед улс төрд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоршсон тоглолт, төрийн ордон төв талбайд үргэлжилж байна. 100 жилийн түүхтэй улс төрийн нам энэ тоглолтоос болж нэр хүндээ алдаж цаашид оршин тогтнох уу эсвэл У.Хүрэлсүх гэдэг хүний үед бүрмөсөн дуусах уу гэдэг дээрээ тулаад байгаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төрийн тэргүүнд итгэж ингэж нэр нүүрээ барж байх зуур өнөөх Ерөнхийлөгч нь ард түмэн юу хүссэн хүлээж байгааг мэдэрч байгаа учраас ЖДҮ-ээс зээл авсан хүмүүсээсээ салж эхэллээ. Харин У.Хүрэлсүх өнөөх л янзаараа муйхралсаар...
Ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа” хэмээсэн УИХ-ын даргыг Ухнаагийн хүү лавтайяа чих тавин сонссон байх. Ийм үгийг Я.Содбаатар ч байнгын хороо, чуулганы танхимд хэдэндээ хэлж, хэвлэлд хүртэл ярилцлага өгч байсан. Гэвч зээлийн сан нэмэгдэх сэжүүрийг эрэлхийлж байсан нь тэр байж. Тийм байтал үүрэг даалгавар авч, нөхөддөө зээл олгосон Б.Батзоригоор туг тахиад, авсан хэд нь амаа үдүүлээд өнгөрөх нь түүний өндөр дээрээ хэлсэн ёс зүй, сахилга бат биш болов уу.
Идсэн, уусан нь багадав уу гэлтэй Зам тээвэр, хөгжлийн сайд болж томорсон Я.Содбаатарт хариуцлага тооцож, давхар дээлийг нь ч болтугай тайлах ёстой бус уу. Эс бөгөөс шударга ёс, сахилга батыг хамгийн их ярьдаг атлаа хамгийн их хууль бус үйлдэлтэй эвлэрч суудаг нь өөрөө болж хувирах даг шүү.
