“1072 хувьцаа мэдээллийн төв”-өөс 60 гаруй байгууллагын ажилтнуудад зөвлөгөө өгчээ

Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий газрын урилгаар тус газрын нийт ажилтан албан хаагчидтай Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уулзаж, Монгол Улсын хөгжилд оруулах "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үүрэг нөлөө, цаашдын хөгжил хандлага, 1072 хувьцаатай холбоотой сэдвээр мэдээлэл өглөө.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас санаачлан иргэд хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгийн зах зээл, үнэт цаас, 1072 хувьцаа болон компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх зорилгоор орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд уулзалт, сургалтууд зохион байгуулаад байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Булган аймгуудад хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж, нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүргийн хороодод сургалт явуулж дууссан бөгөөд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хороодод сургалтаа эхлүүлээд байна.

Төрийн байгууллагын анхан шатны байгууллагаас гадна "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанид хүсэлтээ ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудад үнэ төлбөргүй сургалт явуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 60 гаруй байгууллагын ажилтан албан хаагчдад хөрөнгийн зах зээл, үнэт цаас, 1072 хувьцааны талаар мэдээлэл өглөө.

Эх сурвалж:http://erdenestt.mn/