УИХ-ын гишүүд болон нөлөө бүхий улстөрчид ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл Авлигатай тэмцэх газар ЖДҮХС-д өргөн хүрээтэй шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, тус санг анх байгуулан зээл олгож эхэлснээс өнөөг хүртэлх 10 гаруй жилийг хамарсан шалгалт хийхээр болсон аж. Ингэснээр дээрх хугацаанд ЖДҮХС-гаас олгосон зээл бүрийг нэг бүрчлэн хянахын зэрэгцээ, зээлд хамрагдаж чадаагүй төслүүдийг ч мөн нягтлах юм байна.
Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор дээрх зээлд хамрагдахаар төсөл бичсэн ЖДҮ эрхлэгчдээс авлига нэхэхэд нь зөвшөөрөөгүй аж ахуйн нэгж, иргэнээс мэдүүлэг авч эхэлсэн байна.
Дашрамд мэпээлэхэд ЖДҮХС-гийн зээлийг УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компанид олгож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг баривчлан, шалгаж байгаа. Мөн тус сангийн 20 ажилтны хилээр гарах эрхийг нь прокурорын зөвшөөрснөөр хязгаарлаад байгаа билээ.
