Д.Хаянхярваа: Би бүлгийн шийдвэрийг хүндэтгэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцоруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа түүнийг суудлаас нь огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулсан. Эхний санал хураалтад бүлгийн гишүүдийн санал 29:29 болж тэнцсэн тул дахин санал хураалт явуулсан. Бүлгийн хурлыг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар даргалж байгаа бөгөөд тэрбээр бүрэн эрхийн хүрээнд дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасан. Улмаар дахин санал хураалтаар Д.Хаянхярвааг огцруулах нь зүйтэй хэмээн санал хураалтад оролцсон нийт гишүүний 32 нь үзжээ. Түүнийг бүлгийн даргаас нь огцруулахыг  27 гишүүн дэмжээгүй байна. Харин нэг гишүүний санал хүчингүй болжээ. Ингэснээр бүлгийн хурал дууслаа. Бүлгийн хурлаар УИХ-ын дарга М.Энхболдын асуудлыг хэлэлцсэнгүй. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх хэрэв энэ асуудлыг оруулж ирсэн бол Үндсэн хуулийг зөрчих байсан хэмээн хуульчид хэлж байгаа. 

Хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Бүлгийн шийдвэрийг дагах ёстой.  Шийдвэрийг хүндэтгэж байна. Надад гомдол байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг хэрхэн ажилласныг бүлгийн хамт олон илүүтэй дүгнэх байх. Зарчим ярьж болохгүй цаг ирчихсэн юм байна. Хүний алдааг оноог ярьж болдоггүй болчихсон юм байна. Мөн хууль дүрэм хэрэгжихэд хэцүү болсон юм байна гэж харж байна. Цаашид би өөрийн дуу хоолойгоо хязгаарлуулахгүй. Яагаад гэвэл ард түмний талд дуугарах ёстой. Түүнээс биш намын эрх ашиг, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарахгүй ёсгүй”гэлээ