Өчигдөр 22 цаг хүртэл хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцоруулахаар болсон. Тодруулбал, Ерөнхий сайд түүнд “Та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй” хэмээн шүүмжилсэн.
Улмаар Удирдах зөвлөлийн гишүүд санал хурааснаар олонхийн саналаар Д.Хаянхярвааг огцоруулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл Д.Хаянхярваа өчигдөр сэтгүүлчдэд үгээ хэлсэн. Тэрбээр “Би мэдээлэл хийх болно. Амьд явахад их зүйл үздэг юм байна. Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцэх санал гаргасныхаа төлөө огцорч байна. Олон түмэн үүнийг харж байна. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийн асуудлыг би бүлэг хулгай гэж үздэг. Энэ нь Засгийн газрыг унагахаар үгсэн хувилдсан, хүмүүсийн шан харамж. Энэ бол үндэслэлтэй мэдээлэл. Харамсалтай нь, би энэхүү саналыг гаргасны төлөө бүлгийн даргын ажлаа өгч байна. Гэхдээ асуудлыг бүлгийн хуралдаанаар шийднэ. Гэхдээ надад харамсаад байх зүйл байхгүй. Удирдах зөвлөл, бүлгээс гаргасан шийдвэрийг дагахад бэлэн. Харин энэ зохион байгуулалттай бүлэг хэргийг олон нийтэд цаашид хүргэнэ. Намайг бүлгийг хагалсан гэж үзсэн. Харин бүлгийг хэн хагалсныг хүн бүхэн мэдэж байгаа шүү” хэмээсэн юм. Түүний ярианаас харахад тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон тэдний бүлэглэлтэй “үзэлцэх” бололтой. Дөнгөж сая авсан мэдээллээр тэрбээр Засгийн газрыг унагах гарын үсэг цуглуулна гэдгээ хэлсэн байна.
