Эрүүл мэндийн яам мэргэжлийн хүнээр

Монгол хүн бие бялдар, оюун санааны хувьд эрүүл байх ёстой. Үүний тулд хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарын толгой байгууллагыг ядахдаа хүний биеийн анатом заалгасан мэргэлжийн хүн удирдах ёстой.

1.Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг улстөрчид санаатайгаар алдуулж байна  

Сүүлийн жилүүдэд хүний эрүүл мэндийн асуудлыг улстөрчид популизм хийх талбар, мөнгө хүүлэх хэрэгсэл болгож харах нь хэрээс хэтэрлээ.  Энэ салбарт  сэтгүүлч, багш, нягтлан, хуульч, малын эмч, аялал жуулчлалын менежер гээд хэн дуртай нь ирж, самарч байгаад буцдаг боллоо. Тэд мэдэхгүйгээ мэдэхгүйн зоргоор аашилж, "идэж ууж" байгаад л буцна.  Зарим нь ч аавын хаалга татлаа.

Анагаах ухаан гэдэг олон зуун жилийн түүхтэй тусдаа шинжлэх ухаан. Энэ салбар 2017 оны Эрүүл мэндийн үзүүлэлтээр 50519 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй салбар.  Эмч, эмнэлгийн мэргэжилтэн гэж Анагаах ухааны боловсрол эзэмших сургууль төгсөөд эмчлэх, сувилах, эх барих , эм барих тусгай зөвшөөрөл авдаг түүнийг дагаад маш том хариуцлага үүрдэг, хүн амын итгэлийг хүлээдэг мэргэжилтэн. Энэ салбарт маш олон эрдэмтэн, профессор, гавьяатууд, багш байна. Энэ салбарт сайд, төрийн нарийн бичгийн дарга хийчих олон мэргэшсэн залуус, бүсгүйчүүд бий.  Гэтэл одоо салбарынхаа тулгамдсан асуудал, зорилго, зорилтыг ч ялгахгүй сэтгүүлч сайдтай, нягтлан төрийн нарийн бичгийн даргатай болчихлоо. Өөрсдөө ийм томилгоо хийчихээд эмч нараас, биднээс юу шаардаад байгаа юм бэ. 

Би саяхан ЭМЯ-аар орлоо. ЭМЯ-ны үйлчлэгч, цэвэрлэгч нь хүртэл солигдсон байна. Ямар өлөн хүн бэ. Эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн гэж Хөдөлмөрийн хувийн дээд сургууль төгссөн хүний нөөцийн мэргэжилтэй хүн байна. Эрүүл мэндийн салбарын 1938 эмзүйч дотор энэ албан тушаалыг хашчих хүн олдоогүй гэхэд би итгэхгүй байна. Лабораторийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэж эмзүйн анги дөнгөж төгссөн юугаа ч мэдэхгүй охин гүйж явна. Жил бүр 10-20-иороо мэргэжил эзэмшиж байгаа лабораторийн эмч дотор энэ ажлын хийчих мэргэжилтэн алга уу... Бид өмнө нь ЭМЯ-ыг чагнуур зүүж үзээгүй хүнээр дүүрч байна гэж шүүмжилдэг байсан бол одоо бүр сургуулийг нь төгссөн хүн ЭМЯ-д цөөрчихлөө. 

ЭМЯ-ны захиалгаар Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас  дээр ажлын байр зарлагдсан байна. Эрүүл мэндийн дэмжих сан хариуцсан мэргэжилтний шаардлага 6 сар улсад ажилласан туршлагатай, санхүүч байна гэх юм. Дэлхий нийтээрээ нийгмийн эрүүл мэнд , эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтийг хамруулах асуудал ярьж байхад бид зургаахан сар хаана ч хамаагүй санхүү ч хийсэн хүн тавина гээд зарлаж байх юм. Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байранд 10 жил улсад ажилласан хүн байвал болчих гээд байх юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хариуцсан ахлах мэргэжилтэн гурван жил улсад ажилласан бол бас л тэнцчих гээд байна.  Энэ юу гэсэн үг вэ. Хаанаас ч хэн ч хамаагүй орж ирээд хийчихдэг ажил юм уу, энэ салбар. Цахим орчинд сайдыг хүүгийнхээ найз, жолооч, нууц амрагийг ЭМЯ-нд авчирч Хөрөнгө оруулалтын хэлтсийг дүүргэсэн гээд бичээд байна. Энэ бас л үнэний хувьтай байна. Яасан бэ, өмнө нь ЭМЯ-ны мэргэжилтэн гэдэг ажлын байранд хариуцах гэж байгаа асуудлынхаа чиглэлээр мэргэжлээрээ тав ба түүнээс доошгүй жил ажилласан хүнийг шалгалт авч, сонгон шалгаруулаад авдаг байсан. Нямдаваа академич үүнийг сайн мэдэх байх. Одоо ч хууль нь тийм байгаа. Гэтэл Анагаахын сургуульд муу дүн аваад явж байсан хүн хадам ээжээрээ арын хаалгадаад л шууд мэргэжилтэн гээд ирчихсэн ЭМЯ-ны коридорт гүйж явах юм. Бид энэ хүмүүсээс юу харж хүлээх юм бэ. Бүр онигоо гарсан байна цаана чинь “ЭМЯ-ны коридорт костюм пиджактай залуу пээдгэр алхаж байвал тэр чинь дарга, мини юбкатай хүүхэн гунхаж байвал тэр чинь ахлах мэргэжилтэн, цаас барьсан, тонгойсон дунд эргэм насны хүн гүйж явбал тэр чинь хуучин мэргэжилтэн шүү” гэж байна. Энэ арай хэтрээд байгаа юм биш үү. Төрийн албаны мерит зарчим яасан. Иймд энэ асуудлаа эхлээд шийд...

  1. Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх хуулийг сайдаасаа эхлээд хэрэгжүүлэхгүй байна. Хэрэгжүүлэх аргаа ч олохгүй буруу зөрүү ярьж байгаад бууж байна.  Одоогийн сайд ирсэн өдрөө л эмнэлгийн дарга нарыг цуглуулаад “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг хэрэгжүүлнэ. Хууль туршдаггүй гээд л загнасан. Одоо жил боллоо. Юу ч алга. Ганц нэг эм буруу зөрүү яриад л шившиг болоод байж  байна. Эмийн талаар сэтгүүлч байтугай, эмч ч хамаагүй ярьдаггүй. Эм зүйч тэрэн дотроо клиник фармоколог гэж мэргэжил бйадаг юм ЭРХЭМ САЙД аа,  Салбарын сайд нь эм сурталчлаад яриад байх юм.  Сайд нь өөрөө эөвхөн сурфактантад 800 сая төгрөг төсөвлөсөн ч гэх шиг юм телевизээр яриад байх юм. Хэний бизнес вэ.

Сангийн сайд нь телевизээр “ХСҮТ-ийн төсвөөс нэг ч төгрөг өгч санхүүжүүлэхгүй. Бүрэн даатгалд оруулна” гээд ярих юм. Эрүүл мэндийн тухай хууль дээр “Яаралтай тусламж, хавдар, эх хүүхдийн тусламжийг төр хариуцна” гээд байх юм. Хэрвээ ХСҮТ төсвөөс нэг ч төгрөг авахгүй бол ядарсан иргэн, даатгалгүй хүн, даатгалаар өгөх тухайн жилийн мөнгөө хэрэглэчихсэн хүн яах байсан юм.

Эрүүл мэндийн салбарыг бүрэн хувьчлах ямар сургамжтай, ямар эрсдэлтэйг Олон улсын байгууллагын зөвлөмжүүдээс хардаггүй юм гэхэд урьд хөршөөсөө хүртэл харахад болохоор байна.  Улс төрчид эрүүл мэндийн салбарын эрсдлийг огт тооцохгүй байна.  Иргэн эмч хоёрыг хооронд нь санаатайгаар муудалцуулж байна.  Хэвлэл мэдээллээр томуугийн үед улс төрчид эмнэлгүүдээр яваад л яг л тусалчих гээд байгаа юм шиг, шийдчих гээд байгаа юм шиг дүр эсгээд баахан телевиз дагуулаад тэнэдэг. Улаан бурханы үед ч ялгаагүй. Муу эр дайнд хөөрнө гэгчээр л юм болдог. Үр дүн нь юу ч байхгүй. Харин дагаж гүйсэн дарлаа султай хэдэн сэтгүүлч, цүнх баригч нар нь халдвар авч мэднэ. Энэ байдлаа зогсоогооч.

Салбар мэдэхгүй салбарын түүхэн замнал мэдэхгүй, дэлхий нийт юу гээд байгаа чиг хандлагыг мэдэхгүй хүн ирээд өөрийгөө бүхнийг мэдэгч шиг зангаж байгаа нь Монгол хүний эрүүл мэндэд маш том гай болоод байна аа.

  1. Эрүүл мэндийн салбарыг мөнгөний хүүдий гэж хараад байна.  Эрүүл мэндийн даатгалын сан ЭМЯ-д ирлээ. Нэг сайдын мэдэлд хуримтлал, зарцуулалт, хяналт бүгд орчихлоо. Ийм тогтолцоо дэлхийн хаана байгаа юм бэ. Ямар ч хяналтгүй нэг сэтгүүлчийн үгээр асуудал шийдэгдээд, лоббу хийсэн эмийн компаний эм нь хөнгөлөлтэй эмийн жагсаалтад ордог болчихлоо.  Эрүүл мэндийн дэмжих сангийн мөнгийг том эмнэлгүүдээр дамжуулж гаргаад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ байгуулсан гэх яриа газар авч байна. ЭМД-ын сангийн мөнгийн хадгаламжийн данснаас аваад харилцах данс рүү шилжүүлж, хүүг нь бууруулаад их алдагдал оруулсан гэж сайтуудаар бичигдээд л байна. Овоо босгоогүй бол шаазгай яаж суухав гэдэг шүү дээ. Үнэний ортой болоод л ярьж байгаа байх.  Ер нь мөнгөний зөвхөн оролтыг биш, зарцуулалтуудыг маш сайн хянах цаг болсон
  2. Олон улсын байгууллагуудын санхүүжилтийг зөв зохистой зарцуулж, дипломат ёсыг баримталж ажиллах хэрэгтэй байна. Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгтэй.

Та бүхэн бүгд мэдэж байгаа. Эрүүл мэндийн сайд АХБ-ны талаар ямар мэдэгдэл хийгээд, одоо АХБ хариу мэдэгдлийг англи монгол хэлээр бичээд цахим хуудсандаа байрлуулчихдаа.

Сүрьеэгийн үндэсний зөвлөгөөн дээр Глобаль сангийн үйл ажиллагааг ТББ-аар хэрэгжүүлэхгүй талаар сайд дахин дахин ярилаа. Глобаль сангийн мандат юу вэ. Тэр байгууллага таны хэлсэн үгнээс болоод санхүүжилтээ татвал хэн хохирох вэ.

  1. Эрүүл мэндийн статистик мэдээллийн буруу мэдээлж байна.  Өнгөрсөн зун ЭХЭМҮТөвийн цонхоор унаж эндсэн эхийн асуудал. Одоо болтол эхийн эндэгдлийн бүртгэлд алга л байна. Ингэж болдоггүй юм сайд аа, Сэтгүүлч хүн худлаа ярьж болдог эсэхийг бид мэдэхгүй. Эрүүл мэндийн салбарын бүх зүйл нотолгоонд тулгуурлаж явдаг. Үр дүн нь шууд харагдахгүй байж болох боловч улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал байдаг юм.