Шинжлэх ухаанаар

Нэгэн үе Цөмийн энергийн газар хийгээд Геологийн төв лабораторыг удирдаж явсан Н.Тэгшбаярыг Ардчилсан намын ирээдүйтэй улстөрчдийн нэг гэдэг. Иймдээ ч намынх нь нөхөд  түүнд итгэл хүлээлгэж, хариуцлагатай албанд томилдог нь үнэн. Тэгвэл өдгөө АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн гэх хариуцлагатай албатай тэрбээр цахим сүлжээнд ч гэсэн өөрийн байр суурийг бат болгоод амжижээ. Тодруулбал, тэрбээр “нүүр ном”-оор хамгийн их яригдаж буй хүмүүсийн нэгээр тодорсон байна.  

Үнэндээ бол АН-ын залуу лидерүүдийн нэг гэгддэг мань эрхэм зүгээр суудаггүй. Нүүр номынхоо олон мянган дагагчиддаа зориулж физик, химийн шинжлэх ухаан хийгээд энэ салбарт гарч буй ололт амжилтын талаархи шинэ, содон, сонирхолтой мэдээлэл байнга өгдөг. Түүний өгсөн тархины энэхүү хөрөнгө оруулалтад нь олон мянган дагагч нь талархаж буйгаа “нүүр ном”-оор дамжуулан илэрхийлсэн байдаг юм. Мөн тэрбээр энэ талаарх судалгаа шинжилгээний ажлаа ч орхиогүй. Ямартай л, завгүй их ажлынхаа хажуугаар МУИС-ийн дэргэд “Монгол орны ундны усан дахь уран түүний физик, химийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийж буй тухайгаа дуулгасан байсан. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын бизнес хийдэг гээд тоочвол амжуулдаг ажил нь их. Тэгвэл тэрбээр сүүлийн үед цахим орчинд бас нэг сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, олны дэмжлэг аваад байгаа. Энэ нь Чингис хааны музей байгуулах санаачилга юм. Ямартай л энэ тухайгаа тэрбээр “Миний хийхийг зорьж байгаа бас нэг том ажил нь Чингис хааны түүхийн музей байгуулах. Би энэ тухай олон жил бодож явсан. Одоо л ажил хэрэг болгохоор холбогдох бүх байгууллагаас нь зөвшөөрлөө авчихаад явж байна” хэмээсэн байсан шүү.