УИХ-ын гишүүн Ж.Мөнбатыг хууль бус аргаар өндөр үнэтэй байр худалдсан авсан гэх мэдээлэл зарим сайт болон нэр хаяг нь тодорхойгүй цахим сүлжээгээр тараад байгаа. Тэгвэл тэрбээр энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр байр сууриа албан ёсоор илэрхийллээ. Тэрбээр хурлын эхэнд “Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь зарим нэр ус, хаяг нь тодорхойгүй олон нийтийн цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гурван тэрбумын үнэтэй байр хууль бусаар худалдан авсан гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ мэдээлэл өчигдөр орой 18 цагаас эхэлж олон нийтийн сүлжээгээр эрчимтэй явж байна. Яагаад эрчимтэй гэж онцолж байна вэ гэвэл энэ мэдээллийг цахим сүлжээгээр мөнгө төлж давалгаалжуулж байгаатай холбоотой. Иймээс албан ёсны байр сууриа илэрхийлье” хэмээн онцолсон юм.
Тэрбээр цааш нь “Миний бие Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпын гудамжны 16 байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Манай гэр бүл тэнд амьдарч байгаа. Гэхдээ цахим ертөнцөд яваад байгаа шиг тэр байр гурван тэрбумын үнэтэй биш. Хоёрдугаарт энэ байрыг худалдаж авсан бүх бичиг баримт хууль ёсны дагуу. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа гишүүн болж тангараг өргөсний дараа бүх гишүүдээр хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ би өөрт болон гэр бүлдээ хамааралтай бүх хөрөнгөө мэдүүлсэн. Тухайн үед манай гэр Зайсангийн “Сөүл Рояль Каунти” хотхонд 250 метр квадрат байранд амьдардаг байсан. Энэ бол УИХ-ын гишүүн болохоос өмнөх үйл явдал. Ингээд хотын төв рүү нүүх шаардлага гарсан. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөх асуудал гарсан учраас тэр байраа зарсан. Ингээд 13 дугаар хорооллын “Натур” худалдааны төвийн замын урд байр худалдаж авсан. Худалдаж авахдаа өмнөх байраа зарсан мөнгөн дээрээ гэр бүлийнхээ хүний нэр дээр байдаг оёмол сүлжмэл үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжийг зарсан мөнгөө нэмсэн. Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө хэнд хэдэн төгрөгөөр худалдсан талаархи бүх баримт нь хуулийн дагуу бий. Мөн дээр нь мөнгө нэмэх шаардлага гарсан учраас өөрийн худалдаж авсан байраа банкинд барьцаанд тавьж 150 сая ам.доллар зээлсэн. Өөрөөр хэлбэл, эндээс миний худалдаж авсан байрны хөрөнгийн эх үүсвэр ойлгомжтой тодорхой болох нь харагдах байх. 2016 оны долоодугаар сард УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө би байрныхаа талаар Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн. Мөн шинээр авсан байрныхаа үнэ өртөгийг ч би бас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой мэдээлсэн. Тиймээс та бүхэн Хөрөнгө орлогын мэдүүлгийн сайт руу ороод тэр байрыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаархи бүх мэдээллийг харах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ байрыг авахын тулд худлаа хэлж, хулгай хийсэн зүйл байхгүй ээ гэдгийг мэдэх боломжтой. Манай гэр бүлийн хувьд багтаж ядсан баян тарган биш. Гэхдээ өөрсдийнхөө боломж, нөхцөлөөр амьдарч байгаа орон байраа худалдаж авсан юм шүү гэдгийг албан ёсоор хэлье. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт би тодорхой хэмжээнд уран бүтээл хийдэг. Та бүхэн мэдэж байгаа байх. Тухайлбал, би “Долоон бурхан харвадаггүй” “Бүү март” УСК мөн “Зүрхээ чагна” зэрэг тоглолтыг хийж байсан. Эдгээр уран бүтээлээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар паласт тоглолт хийсэн. Энэ тоглолтоосоо 140 сая төгрөг олсон. Гэхдээ энэ мөнгөө улс оронд маань зөв жишиг тогтоосой гэсэн үүднээс 100 оюутанд сургалтын төлбөр болгож өгсөн. Би багтаж ядсан баяндаа биш харин “Хэрвээ би энэ тоглолтыг хийхгүй бол үүнийг зохион байгуулахгүй бол тэрхүү 100 оюутны төлбөрт хэн нэмэр болох юм бэ гэсэн үүднээс энэхүү тоглолтыг зохион байгуулсан. Гэтэл өнөөдөр яагаад ийм асуудал гэнэт гарч ирж, өндрөө аваад байгаа юм бэ, Мөнхбат гэж үнэхээр хулгай хийгээд хууль бус зүйлээр оролдоод яваа юм шиг асуудлыг босгож ирээд байна вэ. Би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан хүний хувьд судаллаа. Өчигдөр УИХ-ын чуулган дээр ЖДҮДС-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудал дээр хувь гишүүний хувиар байр сууриа илэрхийлсэн. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө буруу тийшээ яваад байна. Энэ асуудалд орооцолдсон гишүүдэд ямар хариуцлага тооцох ёстой юм гээд байр сууриа илэрхийлсэн. Гэтэл үүний хариу болгож зохион байгуулалттайгаар Мөнхбатыг буруутгах, казиночин болгох, хууль зөрчин байр худалдан авсан болгож харагдуулах, концесчин болгож харагдуулах гээд ээлж дараалсан дайралтуудыг цахим нийтийн сүлжээнд төлбөр төлж зохин байгуулалттайгаар тарааж байна гэсэн мэдээлэл авсан. Үүнийг холоос хийгээгүй. Ойроос, дотроосоо хийж байгаа. Үүнийг хэн хийсэн бэ гэдгийг би мэдэж байгаа. Дээрээс нь намайг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумыг холбосон 140 км хатуу хучилттай замын концессын гэрээтэй холбох гэж үзэж байгаа. Үүнийг сүүлийн нэг жил тэр дундаа Засгийн газар огцрох үед нэлээд хөндөж намайг холбож байсан. Тэгвэл би энэ концестой ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор хэлье. Энэ концессын үйл ажиллагаа албан ёсоор зогссон. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны маргааш нь би албан бичиг өгсөн. Ингэхдээ энэ концесс надтай үнэхээр холбоотой юм бол шалгаж тогтоогоод хуулийн дагуу хариуцлага тооцооч. Энэ концессийг зогсоогооч гэсэн. Мөн энэ асуудлаар тухайн үед цагдаа, тагнуул хүчний байгууллагад албан тоот явуулж байсныг үзэж болно. Энэ асуудлыг тухайн үед Сангийн сайд Хүрэлбаатар Үндэсний хөгжлийн газарт албан тоот илгээж зогсоо гэснээр зогсож байсан. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гараагүй, нэг ч хүрз шороо зөөгдөөгүйгээр энэ ажил зогссон шүү гэдгийг албан ёсоор, хариуцлгатайгаар мэдэгдье. Сүүлийн үед УИХ-ын танхимд ялангуяа ЖДҮДС-гийн асуудалтай холбоотойгоор шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан янз бүрийн дайралтууд ирж байна. Хэвлэл мэдээлэл гэхээсээ илүүтэй цахим орчин, нийгмийн сүлжээнд нэр зургаа нууцалсан хууамч аккаунтуудаас зохион байгуулалттайгаар их ирж байна” гэсэн юм.
