Б.БАТЗОРИГИЙГ ХХААХҮ-ийн САЙДААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы хуралдаанаар дөнгөж сая  "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцээд, гишүүдийн 76 хувь нь сайдын ажлаас чөлөөлөхийг дэмжлээ.

Хуралдааны үеэр ЖДҮХС-гийн асуудлыг ганцхан хүнд нялзааж байгаа нь буруу гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Я.Санжмятав, Л.Болд, З.Нарантуяа нар хэлсэн. Мөн энэ сангаас ийм их хэмжээний зээл гаргасанд намаас мөн Ерөнхий сайд шахалт үзүүлсэн бол хэлэх ёстой гэдгийг ч онцолж байлаа. Харин Б.Батзориг "Би ард түмнээсээ, ээжээсээ уучлалт гуйж байна. Хариулагаа хүлээхэд бэлэн гэсэн юм". 

Мөн энэ асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Би Б.Батзоригтой хамтарч ажиллаж байсан. Ардын намын санаанд ч орохгүй 1000 айлын орон сууцыг бариад, үйлдвэр эрхлэгчдээ дэмжээд явж байсан. Ийм хүн жижиг дунд үйлдвэрийн сангаас хулгай хийсэн гэж бодохгүй байна. Сангаас зээл олгосон нь намын даалгавар гэж харж байна. Гэтэл Ардын намд зээл аваагүй нэг нь алга ташаад сууж байна” гэсэн юм.   Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “ЖДҮХС-гийн асуудал ч биш бонд, Хөгжлийн банкны мөнгийг хэрхэн зарцуулсныг ярь. Цэвэрлэх гэж байгаа бол өнөөдөр нэг мөсөн ярих ёстой” гэж байсан юм.