Ж.Энхбаярын “тохуурхал”

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монголын ард түмнийг тохуурхаж дуусахгүй нь. Жирийн иргэдэд бол сураг нь дуулдаад өнгөрдөг ЖДҮДС-гийн зээлээс 950 саяыг авсан тэрбээр асуудал сөхөгдөөд хариуцлага яригдмагц мөнгийг нь буцаагаад өгчихлөө хэмээн тохуурхах. Бас түүнийгээ сайн жижиг гэх маягтай.

Уг нь Ж.Энхбаярыг олон нийт зөв бодолтой, тулхтай, туршлагатай, шударга хэмээн итгэдэг байсан. Иймдээ ч 2016 оны сонгуулиар ард түмний түүнд итгэл өгч УИХ-ын гишүүн болгосон. Гэвч тэрбээр ЖДҮДС-гаас зээл авч хувь хүртжээ. Ингэснээр мань эрхэм Монгол төрийн төлөө тууштай, шударга, зарчимтай үйлчлэх хариуцлагаасаа урвалаа. Сонгогч олныхоо итгэл, найдвар, хүндлэлийг уландаа гишгэв. Нөгөө талаар “Нам засгаараа талцахгүй, найр тавин бүгдээрээ идэхгүй” гэж нэгэн цагт хэлсэн үгэндээ эзэн сууж чадсангүй.

Бас түүний энэхүү үйлдлээс болж сонгогч олон нь бухимдаж байна. Яагаад гэвэл ард түмэн түүнийг гурван ч удаа сонгосон. Итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь түүний худал төрхөнд жирийн иргэд гурвантаа хууртаж, буруу сонголт хийсэн нь тодорхой боллоо.Ингэснээр Ж.Энхбаяр гэдэг хүний жудаг, хүн чанар ёс зүй ямар түвшинд байгаа нь харагдлаа.