МАН-ын нарийн бичгийн дарга болох гэж хөгөө чирж байсан Ц.Бат-Энх бас нэг таагүй асуудалд нэр холбогджээ. Тодруулбал, “Симба” Батаагийн төрсөн дүү, эрх баригч намын нарийн бичгийн дарга гэх гуншинтай тэрбээр “Мөнгөн Дайван” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээлийг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас авчээ.
Хамгийн ноцтой нь “Мөнгөн Дайван” ХХК нь өөртэй нь адил асуудал ихтэй гэх. Энэ тухай зарим баримтыг хүргэхэд тус компани 2013 оны гуравдугаар сарын 7-нд Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригттой “Эко хороолол” төслийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ хийсэн байдаг. Гэтэл “Монгол Дайван” ХХК гэрээний дагуу ажиллаагүй тул орон сууц баригдаагүй газрыг нь буцаан авч 4.5 тэрбум төгрөг нэхэмжлэхээр болсон. Уг нь тус компани Засаг дарга Г.Зоригттой гэрээ байгуулж Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 200 айлын амины сууц барих “Эко хороолол”-ын төслийг эхлүүлсэн аж. Ингэхдээ тус компанид нийт 11.4 га газрыг үнэ төлбөргүй олгосон байна. Уг нь тус газарт хот төлөвлөлтөөр VIII хорооллын барилгажилт хийгдэх ёстой байсан ч бүтээн байгуулалтын ажил нь зогсож улсад хохирол учруулсан аж. Мөн дээрх компанийнхан 2013-2014 онд Орхон, Сүхбаатар зэрэг аймагт тус бүр нь таван тэрбум төгрөгийн өртөг бүхий таван төсөл хэрэгжүүлсэн. Түүний нэг нь дээрх “Баян-Өндөр Эко хороолол” төсөл аж. Уг асуудал тухайн үед АТГ-шалгагдсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй үлдсэн. Тэгвэл мань эрхэм улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь багадаж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь анхаарал татаж байгаа юм. Нөгөө талаар мань эрхэм энэ асуултад ямар хариулт өгөх бол гэдэг нь анхаарал татаж байгаа бөгөөд мань нөхөр ах нар шигээ эхнэр хүүхдээ мартах уу, эсвэл энэ миний компани биш гэж мэлзэх үү гэдэг нь сонирхол татаж байна.
Эцэст нь хэлэхэд Ц.Бат-Энх гэх эрхэмд намын зарим нөхөр нь таагүй хандаг. Ингэхээс ч аргагүй. Учир нь энэ нөхрийн талаар сайн гэхээсээ саар мэдээлэл дэндүү их. Ямартай л түүнийг намын нарийн бичгийн дарга болохоор сунгаанд орж байх үед зааланд сууж байсан намын гишүүд нь асуулт асуухад хариулж чадахгүй бүдэрч байсан. Гэвч тэрбээр аз нь шовойсон уу эсвэл өөр хүчин зүйл нөлөөлсөн үү юутай МАН-ын нарийн бичгийн даргын суудалд сууж чадсан. Үүгээр ч барахгүй МАН-ын Удирдах зөвлөл “боевик”-оороо алдартай Ц.Бат-Энхийг Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар “өргөмжөх” шахсан нь саяхных. Гэвч Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ажилтнаа 10 минут хоцорсны төлөө улаан нүүрэн дундуур нь олны нүдэн дээр цохиж байсан Ц.Бат-Энх сахилга бат, хариуцлагыг сахиулж чадах уу гэх шүүмжлэл гарч байж УИХ-ын асан Р.Рашийн худ Р.Халтарт суудлыг нь өгсөн нь үнэн юмдаг.
