Даамчид алт, мөнгөн медаль хүртлээ

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Өнгөрсөн пүрэв гаригт тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолт болсон бөгөөд охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй аваргалаа. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, "Монгени" сургуулийн сурагч тэрбээр 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо авсан байна. Сонирхуулахад Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин юм. Өмнө нь 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байв.

Харин тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноо авсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигдэв. Б.Мишээл өмнө нь 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм.

Тэмцээний охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байранд шалгарсан байна. Хэрвээ хожсон бол хүрэл медаль хүртэх байлаа. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийнхүү манай улс 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 6-р байранд шалгарсан байна. Монголын баг тамирчдыг Олон улсын их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар удирдан оролцсон юм.

Junior boys (17-19 нас)
М.Шийравжамц (11 оноо, 9-р байр)
Ц.Төмөрбаатар (8 оноо, 25-р байр)
Б.Пүрэвжаргал (6 оноо, 29-р байр)
Б.Сэр-Од (6 оноо, 30-р байр)

Junior girls (17-19 нас)
Б.Сугаррагчаа (10 оноо, 13-р байр)
Б.Цэдэв (9 оноо, 14-р байр)

Cadet boys (14-16 нас)
М.Лувсандорж (11 оноо, 5-р байр)
С.Мөнх-Оргил (9 оноо, 19-р байр)
Б.Түвшин (9 оноо, 23-р байр)

Cadet girls (14-16 нас)
Б.Мишээл (14 оноо, 2-р байр)
Б.Анужин (10 оноо, 9-р байр)
Г.Дүүрэнбилэг (9 оноо, 13-р байр)

Mini cadet boys (11-13 нас)
А.Дашчирэв (10 оноо, 10-р байр)
Б.Баярманлай (9 оноо, 17-р байр)
Б.Энхрийлэн (9 оноо, 18-р байр)

Mini cadet girls (11-13 нас)
Н.Лхагвадолгор (12 оноо, 5-р байр)
Д.Даваадэжид (10 оноо, 9-р байр)
Н.Налжормаа (9 оноо, 18-р байр )

Hopes boys (8-10 нас)
Б.Баасанбар (10 оноо, 9-р байр)
Х.Өнөмөнх (10 оноо, 11-р байр)
Б.Лхагватогтох (9 оноо, 17-р байр)

Hopes girls (8-10 нас)
Б.Есүй (12 оноо, 4-р байр)
Ц.Мягмарсүрэн (10 оноо, 9-р байр)
М.Отгонтунгалаг (9 оноо, 16-р байр)