Г.Занданшатар: Гишүүд, сайд нарын нэрс ил болж буй нь Засгийн газрын шалгалтын үр дүн

Үйл явдал нь ахадсан нэгэн долоо хоног өнгөрлөө. 1992 оны Үндсэн хуулийг баталж Монгол Улс ардчилсан засаглалтай болсноос хойш Монголын төрийн түүхэнд “анхны” гэж болох олон үйл явдал зэрэг тохиосноороо, мөн Монголын ард түмний тэвчээрийг барсан, олон улстөрчийн үнэн нүүр царай нийгэмд илчлэгдсэнээрээ өнгөрч буй долоо хоног яахын аргагүй содон байлаа. Тэдгээрийг тоймолбол:

Яг үгчилбэл, Г.Занданшатар сайд “гишүүд, сайд нарын нэрс...” гэж хэлээгүй. Гэхдээ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл тойрсон булхайг хэн юуны учир илчилж, уг мэдээллийг хаанаас анх нийтэд мэдээлсэн сэжүүрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Сайд Г.Занданшатар “ЖДҮХС-гийн талаар Засгийн газар холбогдох мэдээллийг аваад 2018 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар шалгаж танилцуулах үүрэг өгсөн. Ингэснээр өнөөдрийн энэ асуудлууд бол Засгийн газраас зохион байгуулсан, Засгийн газраас хийсэн шалгалтын үр дүн гэж үзэж болно” гэж мэдэгдэв. Мөн гишүүд, сайд нартай хамааралтай зээлийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгааг Г.Занданшатар сайд хэллээ. Түүний энэ үгийг дагуулж “ЖДҮ-д мөнгө төсөвлөхгүй гэдэг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үг зөв байж”, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагын сэлмээ сугаллаа” гэх жиргээ, постыг зохион байгуулалттай тарааж буй нь Г.Занданшатар сайдын мэдээлэл нь PR төдий биш бололтой. Засгийн газар ингэж өөрийн харьяаны тусгай санг шалгадаг ч, танхимынхаа сайд, намынхаа УИХ-ын цөөнгүй гишүүдийг ил зарласан анхны үйл явдал боллоо. Энэ нь улс төр талаасаа Засгийн газар суусан мөчрөө, сонгож томилсон намтайгаа хамт хөрөөдөж буй сондгой боловч, олон жил бугшсан булхайг, олон улстөрчийг нүүрийг будаггүйгээр олон түмэнд харуулснаараа содон үйл явдал байлаа. 

Нийгмийн сүлжээнд бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Хурандаа Хүрэлсүх” нь илүү олон дэмжигчидтэй бололтой. Тэнд У.Хүрэлсүх Ерөнхий сайд хариуцлагын сэлмээ сугалсан талаар мэдээлж байгаа. Тэгэхдээ баттай эх сурвалж биш. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн сэтгүүлчдэд мэдээлсээр бол Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг зээлээ буцаан төлөхийг үүрэгдэж, мөн эхний ээлжинд уг асуудлыг хариуцсан сайд болох  ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт улс төрийн хариуцлага тооцож огцруулах болсноо бүлгийн хуралдаандаа мэдээлжээ. Энэ дагуу мөн өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь У.Хүрэлсүхийн танхимын хувьд огцорсон хоёр дахь сайд болж байгаа бөгөөд ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон бусад сайд нарын асуудлыг дараагийн ээлжинд ярина гэдгийг бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв.

Сонгууль дөхсөн энэ цаг үед улс төрийн рейтингийн 50-иас дээш хувийг багцлах Засгийн газрын болон намын нэр хүндээ аврах, алдааг залруулах алхмыг УИХ дахь бүлгийн гишүүд нь хийхгүй, хийхийг хүсэхгүй байгаа бололтой. Харин Ерөнхий сайдын  дээрх шийдвэрийг тойруулж хэвлэл PR-ийнхан нь "Хурандаа Хүрэлсүх"-ийн нэр хүндийг хамгаалах сошиал PR ихэд хийж байгаа харагдах юм. Уг нь "Хурандаа Хүрэлсүх" нь хувийн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Монгол Улсын хэмжээний нэр хүнд юм. Улстөрд амжилт багийн тоглолт дээр  тогтдог байхад ЖДҮ шиг ганц л муу үйлдэл нь "баг алж" дөнгөдөг юм даа.