УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Яг одоо Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Амарзаяа "Аймаг орон нутгийн эрхзүйн чадамжийг энэ хуулийн төсөлд бүрэн авч үзэх хэрэгтэй. Аймаг, сум бүр ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай. Энэ сангийн хөрөнгө санхүүг орон нутаг өөрөө бие даан зохицуулах хэрэгтэй. ЖДҮ-ийг хөгжүүлэх санд Сангийн яамнаас нэг ч төгрөг тусгаагүй байсан. Харин ч УИХ-ын гишүүнд 47 тэрбум төгрөгийг тусгуулсан" гэлээ. УИХ-ын гишүүн М.Билэгт "ЖДҮДС-гийн мөнгө хөдөө орон нутагт хүрдэггүй. Яаман дээр нэг хэсэг хүн ЖДҮХС-гийн зээлийг төсөл бичээд аваад сурчихсан байдаг. Тиймээс бид өнөөдөр нийслэлийн төвлөрлийг бууруулъя, иргэдээ ажилтай болгоё гэж ярьж байна. Монгол Улс хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай. Тиймээс хөдөө орон нутагт ЖДҮ-ийн зээлийг хуваарилах эрхийг нь олгож өгөөрэй" гэсэн. Мөн УИХ-ын дарга М.Энхболд "Хууль санаачлагачид гишүүдийн саналыг харгалзаарай. Ер нь ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг хотод төвлөрүүлэхгүй, орон нутагт нь шийдэх хэрэгтэй. Тухайн орон нутагт шаардлагатай байгаа зээлд олгох тал дээр анхаараарай" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
