2017 оны аравдугаар сарын 4-нд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тодорсон У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс “Би ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна” хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл түүнээс яг жилийн дараа У.Хүрэлсүхийн танхимын сайд нар хэрэг тарьсаар, ард түмний итгэлийг алдаж эхэллээ.
Хамгийн сүүлд л гэхэд түүний танхимд багтдаг хоёр ч эрхэм Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тэрбум гаруй төгрөг халаасалсан нь тодорхой боллоо. Харин сайдууд үүнийг байдаг л зүйл гэж харж байгаа бололтой. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн сайдын албанд дөнгөж томилогдоод байгаа Я.Содбаатар “Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХС-гаас зээл авсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа” хэмээн мэдэн будилсан бол ЖДҮХС-ийн Тамгын хэлтсийн дарга Ш.Сугар "Эпато анарваан" компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэж хүн байсан. Бид гэрээ хийсэн" гэх тайлбарыг өгөөд байгаа юм.
Харин Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Миний эхнэрийн нэр дээр ямар ч компани байхгүй” хэмээн мэлзсэн нь тун ч хачирхалтай. Уг нь түүний эхнэрийн нэр дээр “Тээвэр ачлал” ХХК байдаг гэх. Хэдийгээр энэ компанийн талаар Б.Батзориг сайдын Хөрөнгө орлогын мэдүүлэгт байхгүй ч тус компанийн нэг захирлаар түүний эхнэр Л.Отгонжаргал ажилладагийг Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны сайтад мэдээлсэн байх юм. Тийм атал эрхэм сайдууд мэдэн будилж өөрсдийгөө ч, танхимынхаа тэргүүний нэрийг ч сэвтүүлж орхив.
Үнэндээ ЖДҮХС гэж улстөрчдийн анхаарлыг татсан газар болоод удаж буйг олон хүн хэлдэг. Иймдээ ч тус сангаас зээл авах гэсэн улстөрчид тус санг толгойлж байсан үе үеийн захирал руу утасдаж дарамталдаг нь ч үнэн. Гэтэл хугацаа урт, хүү бага мөнгө олох гэсэн энэ алтан боломжийг У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ч бас зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Тэр дундаа энэ сангийн дансанд хэдэн төгрөг байгаа, ямар зээл гаргахыг хамгийн сайн мэдэх Б.Батзориг хүртэл ашиглаад орхиж. Үнэндээ бол Б.Батзориг энэ сангийн мөнгийг өөрийн ашиг сонирлын үүднээс хүссэн болгондоо өгч чадна. Тиймдээ ч, эхнэрийнхээ захирлаар нь ажиллаж байгаа “Тээвэр ачлал” ХК-руу 1.4 тэрбум төгрөг “гулгуулсан” тодорхой. Бас энд нэг зүйлийг сануулахад “Тээвэр ачлал” ХК-ийн 89.9 хувь нь Б.Батзоригийн нэр дээр байсан гэдэг. Гэвч мань хүн өнгөрсөн жилээс эхлэн АТГ-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийн талаар мэдүүлэхээ больсон гэх. Үнэндээ үүнийг явган заль, гүйлгээ ухаан хоёрын аль нь гэдгийг хэлж мэдэхгүй ч өөрийн эрх ашгийн үүднээс ийм хууль зүйл хийсэн нь баттай юм.
Юутай ч зарим эх сурвалжийн мэдээлснээр “Тээвэр ачлал” ХК нь Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад албаа өгснийхөө дараа Тамгын газрын даргаар ажиллаж асан Д.Баатарнямтайгаа нийлж байгуулсан гэдэг юм билээ. Улмаар ЗТХЯ-наас олгодог хот хоорондын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийг “…Техникгүй мөртлөө тендерт ялчихдаг. Тэгээд хот хоорондын тээврийг базаж байна” гэх хэл ам дагадаг байсан гэх. Тэгвэл тэрбээр энэ удаад энэ компаниараа дамжуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгөнөөс тэрбумыг халаасалжээ. Хамгийн хачирхалтай нь, “Би энэ компанийн тухай огт мэдэхгүй” хэмээн мэдэн будилсан нь Монголын төрд, У.Хүрэлсүхийн танхимд ямар ёс зүйтэй сайдууд ажиллаад байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулдаг Ерөнхий сайд байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний хүчинд мөхөтсөн хууль цааз, төр, засагтаа ард түмэн гутаж байна. Ард түмэн ууртай байна. Бид бүхний байгуулахаар шийдсэн хүмүүнлэг, энэрэнгүй төр засаг хаана байна вэ гэж ард түмэн нэхэж байна. Хууль дээдэлдэг ард түмэн бий гэдгийг мэдрүүлнэ. Төрийн бодлого төрийн ордонд биш хувийн компанийн хундаганы ард шийддэг боллоо. Төрийн албаны мэргэшсэн байдал үгүй бол монгол төрийн дархлаа алдагдлаа” хэмээж байсан. Тэгвэл одоо түүний хэр шударгыг, юу хийж чадахыг, үнэхээр ярьсан шигээ хариуцлага тооцож чаддаг эсэхийг харах л үлдлээ. У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгөнөөс тэрбумаар нь халаасалсан сайд нартаа хариуцлага тооцож чадах уу гэдгийг.
