АТГ болон аудитынхан БОАЖЯ-нд шалгалт оруулжээ  

У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар барцадтай байна. Тухайлбал, зарим нь хууль бус томилгоо хийсэн хэмээн Төрийн албаны зөвлөлөөс бангадуулсан бол, салбараа сайн мэдэхгүй нөгөө хэсэг нь эрчим хүчний тэг зогсолт хийж нийслэлчүүд хийгээд баруун аймгийн зарим сумыг хэдэн цаг тог цахилгаангүй байлгасан. Тэгвэл нөгөө хэсэг нь “Жижиг дунд үйлдвэрийн дэмжих сан”-гийн мөнгийг тэрбумаар нь халаасалж эхнэр хүүхдийнхээ бизнесийг дэмжсэн бол нөгөө хэсэг нь тендерийн мөнгийг өөрийн хамаарал бүхий компанид өгч байх жишээтэй.

Тэгвэл АТГ болон аудитынхан хууль бус зүйлд нэр холбогдоод байгаа сайд нарыг эхнээс нь шалгаад эхэлжээ. Тухайлбал, БОАЖЯ-нд гэхэд дээрх хоёр байгууллагын хамтарсан шалгалт орсон аж. Гэхдээ шалгалтын ажил ид өрнөж байгаа учраас одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна.  

Үнэндээ Н.Цэрэнбат сайдыг тойрсон таагүй хэл ам цөөнгүй гардаг. Түүнийг сайд болсноос хойш БОАЖЯ-ны тендерийн ихэнх нь Увс руу чиглээд байна. Ямар нэг тендер шалгаруулахдаа өөрийн хамаарал бүхий компанид өгсөн байж магадгүй гээд л... Ямартай л, АТГ-ынхан өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр мэдээлэл хийхдээ хэд хэдэн сайд хууль зөрчсөн байж болзошгүй. Тухайлбал, БОАЖЯ-нд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан улмаар тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК-руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авсан. Засварын ажлыг БОАЖ-ын сайдын  хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал  тогтоогдсон. Холбогдох шалгалтын ажлыг хийж байна” хэмээн мэдээлж байсан юм. 

Мөн энэ шалгалтаар Н.Цэрэнбат сайд буруутай нь тогтоогдвол түүний суудал яах вэ гэсэн асуудал ч гарч ирнэ.  Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсан даруйдаа шударга бус зүйлийн эсрэг ажиллана хэмээн хэлж байсан билээ.

Дашрамд сануулахад Н.Цэрэнбатын хувьд гэнэт тодорсон сайд. Учир нь, У.Хүрэлсүхийн  Засгийн газрын сайд нарын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед түүний багийн сайд нарын дотор олонд танигдаагүй нэг эрхэм байсан нь Н.Цэрэнбат байлаа. Уг нь түүнийг анх Батлан хамгаалахын сайд болно гэсэн яриа Төрийн ордонд дуулдаж байсан ч БОАЖ-ын салбарыг түүнд өгсөн. Ингэснээр У.Хүрэлсүхийн танхимын давхар дээлтэй сайдын тоо дахин нэгээр нэмэгдсэн. Мөн түүнийг томилох эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн  хуралдааны үеэр хамгийн олон компанитай гэсэн тодотгол дагаж байв. Гэвч байгаль орчин аялал жуулчлалын салбарт ямар нэгэн компани байхгүй, ашиг сонирхлыг зөрчилгүй гэснээр сайд болсон. Түүний хувьд энэ салбарын хүн мөн үү гэвэл үгүй. Увсаас гаралтай тэрбээр Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, “Мобиком”, “Таван богд”, “Увс хүнс” компанд ажиллаж байсан. Улмаар УИХ-ын гишүүний туслах, “Трансинконсулт” компанийн гүйцэтгэх захирал, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад  2016 онд УИХ-ын гишүүн болсон юм.