Б.Шоовдор дэлхийн медальтан боллоо

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медвед, Сассари, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Будапештэд манайхны хоёр дахь хүрэл медалийг (Т.Түвшинтулга эхний медалийг хүртсэн) эх орондоо авчирлаа. Өнгөрсөн жил Парист медалийн оосроос атгаад алдаж байсан тэрбээр Будапештэд алдаагаа засч, дэлхийн медальтан болов. Түүний авчирсан энэхүү медаль нь манай чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий 59 дэх, 32 дахь хүрэл медаль болж байна. 
Дөрөв дэх ДАШТ-д зодоглосон Б.Шоовдор Дунай мөрний эрэгт 1/8 шигшээ барилдаанд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр ялсан бол дөнгөж сая шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн дэд аварга Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр (10:0) яллаа. Ингэснээр Б.Шоовдор хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор цэвэр (1:11) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг 4:2-оор ялснаар дэлхийн данстай бөх гэдгээ харуулав.