О.Насанбурмаа аваргын төлөө шалгаран үлдлээ

“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан дөнгөж сая болж өндөрлөлөө. 72 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл, "Гуанжоу-2010" Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “Сhina Open”-д түрүүлээд байгаа БНХАУ-ын Ван Хуаныг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалийн болзолоо хангаад буй О.Насанбурмаа гавьяат маргааш шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиотой хүч үзнэ. Тэрбээр 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0) ялсан. Улмаар шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосунтай хүч үзэж 7:6-гаар тус тус ялсан. Тэмцээний 65, 68, 72, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд маргааш Улаанбаатарын цагаар шөнийн 00:00 цагаас эхэлнэ.