Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод уран бүтээлээ толилуулна

Бельги улсын Брюссель хотноо Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хурал Европын Зөвлөлийн төв байранд өчигдөр эхэлсэн. Тэгвэл хоёр өдөр үргэлжлэх тус чуулга уулзалтын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ. 

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс түүнд энэхүү саналыг тавьсан аж. Гавьяат тоглолтын бэлтгэлээ эх орондоо хийсэн бөгөөд ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Дарима Линховой багшийнхаа хамт Брюсселийг зорьжээ.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудасдаа “Миний хувьд эх орныхоо урлаг соёл, монгол хүний авьяас чадварыг олон улсад таниулан сурталчлах нэгэн чухал арга хэмжээ болж байгаа учраас хариуцлага, догдлол аль аль нь мэдрэгдэж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөөд сайн тоглолт үзүүлээд ирнэ ээ” хэмээсэн юм.