Л.Сосорбарам аваргын төлөө өрсөлдөнө

"Буэнос-Айрос-2018" залуучуудын олимпийн наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам охидын -52 кг-ын жинд аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Дэлхийн чансааны дэд байрт бичигдэж байгаа тэрбээр эхний тойрогтоо Кубын Нахомис Акоста Баттег 28 секундэд цэвэр, хэсгийн аваргын төлөө Мадагаскарын Мирейлле Андриамифэхиг 9 секундэд иппон буулгаж хагас шигшээд шалгарсан. Улмаар дэлхийн чансааг тэргүүлж буй Узбекистаны Нилуфар Эрмаганбетоваг 1:35 секундэд цэвэр ялж алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Өмнө нь энэ бөхтэй манай тамирчин 5 удаа учраа таарахдаа дөрөвт нь ялаад байсан юм. Энэ удаад өрсөлдөгчөө зүүн үүрч вазари үнэлгээ аваад улмаар даралтанд оруулж 10 секунд дарснаар ялсан. Одоо  тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Ирина Хубуловатай хүч үзнэ. Орос охин өмнө нь -48 кг-д Европын аварга болж байсан бөгөөд залуучуудын олимпод жин өгсөн барилдаж байгаа. Тус тэмцээнд Л.Сосорбарам нь өөрийн унаган багш ОУХМ Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэлийн удирдлагад барилдаж байна. Өчигдөр мөн Л.Лувсандэмбэрэл дасгалжуулагчийн удирдлаганд Г.Тэмүүжин залуучуудын олимпийн медалийн салхийг хагалсан билээ.