Г.Тэмүүжин медалийн салхийг хагаллаа

Аргентиний нийслэл Буэнос-Айрос хотноо зохион байгуулагдаж байгаа залуучуудын олимпийн гуравдугаар наадмын эхний өдөр монголын багийн медалийн салхийг Чингэлтэй дүүргийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин хагаллаа. Тэрбээр жүдо бөхийн хөвгүүдийн 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бөгөөд эхний даваандаа гоц мөргөөд, дараа нь Колумбийн Хуан Монтеалегрег 7:56 минутад гурван торгуулиар буюу хансокүмаке торгуулиар ялсан бол хагас шигшээд Украины Олег Вередыбаг 2:46 минутад иппон буулгасан байна. Харин аваргын төлөө Беларусийн Артём Коласовт "голден скорт" ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр өнгөрсөн оны Азийн АШТ-ээс мөнгө, энэ оны залуучуудын эрхийн оноо олгох хоёр тэмцээнд түрүүлснээр Аргентинийг зорих эрхтэй болсон билээ. Түүний медаль жүдо бөхийн төрөлд залуучуудын олимпоос авсан хоёр дахь, жингийн ангилалд авсан анхны медаль болон бүртгэгдлээ. Түүнээс өмнө "Сингапур-2010" залуучуудын анхдугаар олимпод оролцсон Монголын баг тамирчдаас чөлөөт бөхийн 60 кг-ийн жинд Б.Батцэцэг, спортын гимнастикийн Г.Эрдэнэболд нар анхны хос алтан медалийг авч байсан бол "Наньжин-2014" наадамд чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд барилдсан Б.Дөлгөөн мөнгөн медалиар медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Харин 2010 онд жүдо бөхийн холимог багийн төрөлд Отгонбаярын Дөлгөөн мөн мөнгөн медаль хүртэж байлаа.