Ж.Мөнхбат:  Энэ бол санамсаргүй хэрэг биш

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан. Гэвч Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хариуцуулж оруулсан Цэцийн гишүүн хүндэтгэх шалтгаантайгаар  эзгүй байгаа учир уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэж өгөөч гэдэг хүсэлт ирүүлсэн гэдэг шалтгаанаар хойшлууллаа.

Улмаар үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан бол Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.

Үүний дараа  уг тогтоолын төслийн талаарх Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат уншиж танилцуулсан. Тэрбээр “...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна.
Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гарсан нь энэ төр засагт хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ болж байна. 
Зам Тээврийн Хөгжлийн яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь Монгол төрийн доройтлын хамгийн том илрэл юм. Энэ асуудалд одоо болтол хэн ч ямар нэгэн тайлбар хийгээгүй. Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон болж харагдсанаар асуудлыг намжаахгүй.
Мөн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” ОУНБ-д буусантай давхцаж байгаад одоо хүртэл мөн л хэн ч тайлбар хийгээгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай үйл ажиллагаа явуулж, хүн хулгайлах оролдлого анх удаа гарсан нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Ардчилсан Үндсэн хуулийг маш ноцтой зөрчсөн үйл явдал боллоо. Монгол Улсын эдийн засгийн гол ачааг үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьж, Олон улсын арбитрын шүүхээс олон сая ам.долларын өр төлөх шийдвэр гарлаа. Өнөөдөр энэ бүгдэд хариулт өгөх, шийдвэр гаргах төр, засаг алга.
Эрх баригчдад бүгдийг тогтолцоо руу чихэх эрх байхгүй” гэдгийг онцлов. Улмаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бол одоо үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ж.Бат-Эрдэнэ сайдыг чинь огцруулчихаагүй юм уу. Ерөнхий сайд чинь хэвлэлийн хурал хийж байгаад л огцруулчихлаа гэж яриад байсан биздээ. Би УИХ-гүй болчихсон юм байх гэж бодсон. Яамдуудын ТНБД нараа яагаад жинхлэхгүй байгаа юм бэ. Хариуцлагын тогтолцоо гэж алга. Хот нийтээрээ тоггүй боллоо яагаад хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Улаанбаатараас Дархан хүрэх зам маш хэцүү байна. Ийм асуудалд хариуцлага хүлээх юм байх гэж бодтол хүн амины хэрэгт хариуцлага хүлээж байна. Журмаараа ЗГХЭГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой. ЗГХЭГ-ын даргыг гал тогоо мана гэж тавиагүй. Машин дээр наалт нааснаараа хариуцлагатай болчихгүй. Бүх төрийн алба өнөөдөр замбараагүй болчихсон байна. Үүнээс болж иргэдийн төрд итгэх итгэл алга болж байна. Ж.Бат-Эрдэнэ сайд тэр хэрэг үйлдсэн гээд байгаа Б.Махбалыгаа өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу, төрийн албанд ийм аймшигтай хэрэг гарлаа гэж хариуцлага хүлээгээд байгаа юм уу. Хэрвээ төрийн албаны хариуцлага гэж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуцлага хүлээх ёстой"

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Та буруу ойлгосон байна. ЗТХ-ийн сайд ёсзүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө гаргасан. Энэ дагуу өнөөдөр асуудлыг хэлэлцэж байна. Цахилгаан станц дээр болсон хэрэг явдлууд, гарсан ослын улмаас хариуцлага тооцох ажлын хэсэг гараад ажиллаж байна. Төрийн албанд болж буй асуудлууд нэг өдөр л гарчихсан юм биш. Гай газар дороос л гэгч болсон. Төрийн албаны шинэчлэлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сайд өөрт нь хамааралгүй ч ёсзүйн хариуцлагаа хүлээж шинэ жишиг тогтоохоор өргөдлөө өгсөн"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сайд хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ эвдэрхий замнаас болж хариуцлага хүлээх ёстой. Шинэ жишигийг та яагаад эхлүүлж болохгүй гэж. Энэ асуудалд Ж.Бат-Эрдэнэ сайд биш та хариуцлага хүлээх ёстой. Та ичихгүй, санаа зовохгүй байна уу. Таны өргөдлөө өгөхийг хүлээж байна"

УИХ-ын гишүүн Л.Болд "Аль өнгөрсөн наймдугаар сард ЗТХ-ийн сайд өргөдлөө өгчихөөд байхад бид хоёр сарын дараа дөнгөж чөлөөлөх асуудлыг ярьж байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Үндсэн хуулийнхаа дагуу дараагийн сайдыг томилоод явах ёстой байсан. Тэгсэн бол одоо ЗТХ-ийн сайд замын ажлаа эхлүүлээд явж байх ёстой байсан. Яаж Үндсэн хуулийнхаа дагуу ажлаа хийж, хариуцлагаа тооцдог болох вэ. Г.Занданшатар сайд хариуцлага ярихаар бусад руу чихээд суугаад байх юм. Эцэс сүүлдээ бичиг цаасны хугацааны асуудал яриад, Ерөнхийлөгч рүү чихээд сууж байна"

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Ер нь төрийн алба тогтвортой байх ёстой. Засгийн газар бүрэн эрхийнхээ хэмжээнд ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн гэж байна. Засгийн газарт энэ эрх байхгүй. Энэ эрх УИХ-д байдаг. ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн хохирогч Т.Гомбосүрэн гэж Сэлэнгэ аймгийн залуу байна. Энэ залуу их даруу төлөв. Айлын голомт залгах ганц хүү байсан. Эхнэр нь наадмаар одонгоо авчихаад одонгийн найраа хэзээ хийх үү гээд л явж байсан айл. ЗТХЯ-нд гарч байгаа үйл явдлыг золгүй явдал гэж үзэж болохгүй. Б.Махбалын хувьд дөрөв, таван компанитай. 10-аад ашигт малтмалын газрын лицензтэй. Төрсөн хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй. Хэчнээн ч олон машинтай" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Төрийн яамны байранд ард түмнийг цочроосон аймшигт хэрэг гарлаа. Миний ойлгосноор хэт намчирхал талцалтай шууд холбоотой. Монголд үйл ажиллагаа явуулж буй намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Мөнгөний хамраалтай болчихсон. Мөнгөтэй хүн байвал түүний хэн байх нь хамаагүй л намдаа авдаг болсноос үүдэж төрийн алба, боловсон хүчинд ийм сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр бусад яам тамгын газар, тэр ч бүү хэл төрийн ордонд биеэ алахад бэлэн ийм л байна. Асуудал ийм байхад улс төрийн намууд бие бие рүү гээ  бурууг чихэж суухын оронд дүгнэлт хиймээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 

-Өнөөдөр мэргэжлийн дагуу, ажлаа мэддэг, чаддаг  гэж хэлж болохуйц хариуцсан яамаа мэргэжлийн түвшинд сайн удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд ёсзүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь харамсалтай. Төрийн албаныхны, яам тамгын газарт байдаг бугшсан асуудлын золиос болж ажлаа өгч байна гэж ойлгож байна. Яаманд болсон гэмт хэрэг бол яамны газар хэлтсийн дарга нарын хоорондын хэрүүл, тэмцэл албан тушаал булаалцалддаг ийм байдлын шууд үр нөлөө. Үүнийг санамсаргүй болсон хэрэг гэж бодож болохгүй. Тэр Дорждагва гэдэг хүнийг талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд томилох гэж Б.Махбал нь талийгаачийг 7-8 удаа өрөөндөө дуудаж уулзсан байгаа юм. Хууль, хүч прокурорын байгууллагын шударга ёс хаана байна. Яагаад нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочихоод хэрэг үйлдсэн хүмүүсийн архины хэмжээг тогтоож чадахгүй байгаа юм бэ. Есөн удаа гишгэлэн тамласан байхад яагаад бичлэгийн дагуу шалгахгүй байгаа юм бэ. Энийг шударга талаас нь шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагаас хүсч байна. Шаардлагатай бол энэ хэргийн төлөө дуугарна. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Тавуулаа байж байгаад нэг хүнийг бүлэглээд зодоод алчихсан байж, одоо талийгаач таван хүн бүлэглэж байгаад санамсаргүй өнгөрсөн болж хувирах гээд байна. Үхсэний хохь, амьдын зол гэдэг л болох гээд байна"

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Салбарт нь асуудал үүсэх юм бол салбарын сайд нь хариуцлага хүлээдэг улстөрийн жишиг тогтож байна. Гишүүдийн хэлсэн үгтэй санал нийлж байна. Дунд шатны удирдах албан тушаалтнуудын эрх мэдлийн төлөөх зөрчилдөөний үр дүн ийм байдалд хүргэж байна.

Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж,  гишүүдийн 76.2 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна...