Б.Билэгт гишүүн хаданд гарах нь

Намрын чуулганы анхны хуралдаан өнөөдөр эхэлж буй. Үүнтэй зэрэгцээд эрх баригч намын фракц, бүлэглэлүүд өөрийн халаасны хүнээ Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилуулахаар дор бүрнээ завгүй өдрүүдийг өнгөрөөж байна. Тухайлбал, УИХ дахь МАН-ын 32 болон 33 бүлгээс өөрийн хүнийг ЗТХ-ийн сайдад томилуулах сунгааг өнгөрсөн өдрүүдэд эхлүүлсэн.

 Юутай ч зарим эх сурвалж УИХ дахь МАН-ын 32-ын бүлгээс Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир гишүүний нэрийг дэвшүүлсэн. Улмаар Ё.Баатарбилэгийг сайдад дэмжихээр болсон гэцгээж байна. Харин 33-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий ч үүнийг Ерөнхий сайд эцэслэх аж.  

Гэхдээ энд нэг асуудал бий нь сайдад нэр дэвшигчдийн хэн нь МАН-ын Удирдах зөвлөлийн босгыг давах вэ гэдэг асуулт. Учир нь аливаа томилгоог хийхийн өмнө эрх баригч нам эхлээд фракц, бүлэг дундаа тохироогоо хийсний дараа нь намын Удирдах зөвлөлд оруулдаг. Энэ ч утгаараа намын Удирдах зөвлөлд аль фракцийн хүн олон байна вэ гэдэг нь чухал. Тэгвэл одоогоор УИХ-ын дарга М.Энхболдын буюу хотын фракци Удирдах зөвлөлд арай илүү суудалтай. Гэхдээ УИХ-ын 32 гишүүн энэ фракийн төлөөлөл болдог. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжигч 33-ын бүлэг УИХ-д бий. Гэвч Ерөнхий сайдын нутгийн хүү Т.Гантулга гишүүнийг явуулснаар энэ бүлэг эзэнгүй нэг кноптой болчихоод буй. Иймээс МАН-ын 32 болон 33 бүлэглэлийн кноп тэнцсэн. Иймдээ ч яг одоо хэнийг өөрийн фракцид элсүүлэх вэ гэсэн ажиллагаа эхлээд байгаа аж.

Тэгвэл энэ ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл их үүрэг гүйцэтгэж Ерөнхий сайдад тус болж байгаа бололтой. Учир нь сүүлийн үед УИХ-ын гишүүн Б.Билэгтийн барьсан хавдарын эмнэлгийг улс худалдаж авахаар болсон тухай мэдээлэл гарах болсон. Энэ яриа гарахаас өмнө Б.Билэгт "Би Хавдрын эмнэлгийн хашаан дотор 16 давхар барилга барьснаа Засгийн газарт зарах гэтэл хариу өгөхгүй, би хохирч байна" хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад л сууж байсан ч өнөөдөр амаа үдүүлсэн мэт чимээгүй болчихоод буй нь.

Гэтэл энэ нь цаанаа учиртай бөгөөд УИХ дахь 33-ын бүлэг нь “бандааш” Т.Гантулгыг явахад 32-ын бүлэгтэйгээ тоо тэнцүү болсон учраас Б.Билэгт гишүүнийг татахын тулд эмнэлгийн барилгыг нь худалдаж авахаар болсон гэсэн мэдээлэл ирж байна. Хэрэв энэ баттай бол Д.Сарангэрэл сайд У.Хүрэлсүх цаашлаад 33 бүлэгтэй ихэд тус хүргэхийн тулд ихэд зүтгэл гаргаж буй нь үнэн. Учир нь тэрбээр сүүлийн хэдэн сар УИХ-ын гишүүн Б.Билэгтийг тойглох болсон. Ингэхдээ эмч нарын эсэргүүцлийг үл тоон түүнийг дагуулж Солонгос руу явсан. Түүнээс гадна Б.Билэгт гишүүний сонгуулийн сурталчилгаанд явсан менежерийг нь Төрийн албаны зөвлөлийн эсэргүүлцийг үл тоон яамандаа ажилд авсан. Ингэхдээ тэрбээр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Содномжамц гэдэг хүнийг томилсон. Тэгтэл энэ эрхэм нь энэ албаас гадна яамны Санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийн мөн л түр орлон гүйцэтгэдэг дархан эрхтэй гэхээр Д.Сарангэрэл, Б.Билэгт хоёрын нөхөрлөл хэр зузаарсныг харуулж байгаа юм. Тиймээс төрийн ордноос дуулдаж буй энэ мэдээллийг үгүйсгэх аргагүй бөгөөд Б.Билэгт гишүүн өөрийг нь гаргаж ирсэн М.Энхболдыг энэ хүнд цаг үед нь түлхэн зангаа хувигргах уу эсвэл... гэсэн асуулт үлдэж байна.