Д.Сарангэрэл сайдын ашиг сонирхлын “зөрчилгүй” томилгоотой танилц №1

АТГ-аас мэдээлэл хийхдээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр, харин өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон хэмээн мэдээлсэн.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн сайдын хууль бус томилгооны талаар мэдээлэл өгөхдөө “Тэрбээр яамны таван газрын, есөн хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Үүнээс гадна  Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй таван иргэнийг хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд томилсон. Түүнчлэн яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл” хэмээн мэдээлсэн юм. Харин сайд “Би ардын хүүхдийг ажилд авсан” хэмээн бухимдсан юм.

Тэгвэл Д.Сарангэрэл гишүүн Эрүүл мэндийн сайд болсноосоо хойш ямар томилгоо хийсэн мөн түүний ард хэн байгаа талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.

Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд болсон даруйдаа Э.Содномжамц гэж хүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл энэ эрхэм нь яамны Санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг мөн л түр орлон гүйцэтгэдэх дархан эрхтэй аж. Тэгэнхнээ Эрүүл мэндийн яамны амин судсыг зангидан суугаа энэ эрхэм нь сүүлийн үед Д.Сарангэрэл сайдын тун ойр дотны хүнээр нэрлэгдээд буй УИХ-ын гишүүн Б.Билэгтийн сонгуулийн сурталчилгааны менежерээр ажиллаж байжээ. Хэрэв уншигчид санаж буй бол сүүлийн үед УИХ-ын эмэгтэй гишүүд дотроос мань хоёр ихэд дотно нөхөрлөж байгаа. Эрхэм сайд байсхийгээд л Солонгос руу явахдаа Б.Билэгт гишүүнийг дагуулж, элдэв үйлчилгээ үзүүлсэн гэх яриаг энэ салбарынхан хэлдэг. Тэгвэл эрхэм сайд түүний сонгуулийн менежерийг өөд нь татаж төрийн хуулийн зөрчин байж ийм хариуцлагатай албанд томилсон нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Түүний томилсон дараагийн хүн бол тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд гэх эмэгтэй. Гэтэл энэ эмэгтэй нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн эхнэрийнх нь хамаатан аж. Үүнээс гадна хамгийн ноцтой асуудал гэвэл тэрбээр МАХН-ын гишүүн Ц.Шийлэгдамбыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед БНХАУ-ын Засгийн газрын “Huwau” төслийг удирдан ажиллаж байсан гэнэ. Иймээс л тус салбарынхан сайдын энэ томилгоонд ихэд гайхширч, “Манай сайд Ц.Нямдоржоос айсан учраас энэ томилгоог хийсэн үү эсвэл үүний цаана өөр асуудал байна уу” гэцгээж байна.  Мөн эрхэм сайдын хийсэн бас нэг томилгоо нь яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Цогтбаатарыг томилжээ. Гэтэл энэ эрхэм нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын сонгуулийн сурталчилгаанд явж байсан гэх. Үүнээс гадна өөр нэг ноцтой мэдээлэл бий нь Б.Цогтбаатар нь НЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа мөнгө идсэн гэдэг шалтгаанаар холбогдох байгууллагаас арга хэмжээ авахуулах албан тоот ирүүлж байсан нөхөр аж. Мөн эрдэмтэд түүнийг халах шаардлагыг тухайн үед Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Төрийн албаны зөвлөл болон Үйлдвэрчний эвлэлд өгч байсан байх юм. Гэвч тэрбээр Д.Сарангэрэл сайдын дэмжлэгээр өнөөдөр яамны Төрийн захиргаа удирдлагын газрыг малгайлан сууна.

Түүнчлэн Д.Сарангэрэл сайдын салбарынхныгаа гайхшруулсан бас нэг томилгоо нь Эмнэлгийн тусламжийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр М.Баттүвшинг томилсон явдал. Учир нь тэрбээр Ч.Улааны УИХ-ын гишүүний сонгуулийн сурталчилгаанд явж байсан бөгөөд түүний ойрын хүн. Тодруулбал, тэрбээр Ч.Улаантай хамт морь уях зэргээр чөлөөт цагаа өнгөрөөдөг бөгөөд сайдтай нэг нутаг буюу Хөвсгөлийнх юм байна.  

Үргэлжлэл бий...