“Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн захирлаар Монголын оюутны холбоог тасралтгүй зургаан жил удирдсан Б.Ганхуяг томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Уг нь түүнийг энэ албанд томилогдсон даруйд олон нийт “Ийм ажлын туршлагатай, ийм боловсролтой хүн Монголын иргэн бүрт, цаашлаад хувь заяанд хамаатай том ордын хувь заяаг зөв залж чадах уу” хэмээн шүүмжилсэн.
Улмаар түүнд итгэх олны итгэл хараахан бүрдэж чадаагүй байтал Б.Ганхуягийн бүрдүүлсэн гэх Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг удирдах баг мөн л шүүмжлэлд өртлөө. Тэгвэл өдгөө бас нэг асуудал түүний толгойны өвчин болоод буй нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийн томилгоог тойрсон тэмцэл бөгөөд яг одоо тус компанийн ТУЗ-д хэний шахааны ямар хүн орох бол гэдэг нь анхаарал татаж байна.
Уг нь өнгөрсөн лхагва гарагт тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилох хурал болох байсан. Гэвч энэ хурал товлосон өдрөө, товлосон цагтаа болоогүй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ТУЗ-ийн гишүүнд нэр дэвших хүмүүсийн нэр ус эхний байдлаар тодорчихоод байгаа аж. Гэвч хурал даргалах эрхэм нь ямар ч юм шалтгаанаар очоогүй мөн хувьцаатай холбоотой асуудал үүссэн гэх шалтгаар хуралдаагүй гэх. Харин зарим нь энэ хурал болоогүй нь том шалтагтай. Манай томчууд, улстөрчид тус компанийн ТУЗ-д өөрийн хүнээ оруулах гэсэн амбиц яг одоо өрнөж байгаа учраас гэсэн. Үнэндээ энэ мэдээллийг үгүйсгэх аргагүй бөгөөд хэрэв гишүүнээр хэн болох нь баттай болчихвол ганц хэлэлцээд л шийдчих асуудал юм.
Юутай ч зарим эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн ТУЗ 11 гишүүнтэй байх ажээ. Эдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байх гэнэ. Одоогоор тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэн, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг, ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ мөн Тагнуулын ерөнхий газраас н.Эрдэнэ гэж хүний нэр дуулдаж байна. Харин хараат бус дөрвөн гишүүн байх бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа. Мөн түүнээс гадна тус компанийн ТУЗ-ийн хараад бус гишүүнээр өмнө нь ажиллаж байсан П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нар.
Иймээс л олон нийт дээр яригдаж байгаа хүмүүс ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж чадах эсэхэд эргэлзэж байна. Учир нь, тус компанийн хараат бус гишүүн байсан одоо ч нэр нь яригдаж буй Х.Болор-Эрдэнэ нь гэхэд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү . Түүний хувьд олонд ямар ажил хийж хүлээн зөвшөөрөгдсөнийг мэдэхгүй ч өмнөх Засгийн газрын үед “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. П.Өлзийнарангийн хувьд мөн л ялгаагүй. Ардаа том татаастай. МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагчаар ажилладаг бөгөөд байсхийгээд л хэвлэлийн хурал хийж МАН-ын удирдлагуудад албан мэдэгдэл илгээдэг гэдгээр нь МАН-ын хүрээлэл мэдэх төдий нөхөр.
Харин Р.Бурмаагийн үйл хөдлөлийг Монголын ард түмэн андахгүй. Хамгийн сүүлд гэхэд түүнийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа “Халх гол”-ын газрыг хятадуудад өгөх гэж байна гэсэн дуулиан дэгдсэн. Улмаар 2015 онд 21 аймгаас ирсэн иргэдийн төлөөлөл УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардан жагсаал зохион байгуулсан. Энэ тогтоол нь тус сумын нутагт 500 мянган га талбайд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай байсан бөгөөд үүнийг эсэргүүцсэн олон нийт АТГ-т хүртэл хандаж байсан юм.
Эцэст нь Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн гэдэг ашигтай албан тушаал байдгийг хэн хүнгүй хэлдэг. Нэр нөлөө, хүрээлэл нь цаашлаад зөв ашиглаж чадвал хэн нь аль намын хүн байхаас үл шалтгаалан амьдралыг нь яаж ч өөрчилж чадах учраас энэ албан тушаалд хэн хүнгүй санаархдаг. Иймдээ ч хүссэн болгон нь ТУЗ-ийн гишүүн болдоггүй. Хэн нэр нөлөөтэй эсвэл ардаа том татаастай нь ТУЗ-ийн гишүүн гэж дуудуулах эрхтэй болдог. Тэгвэл яг одоо энэ тэмцэл өрнөж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд хэн болох нь вэ гэдэг нь анхаарал татаж байна.
