Хаяагаа хадрагч П.Баярхүү

Хаяагаа хадрах гэдэг их онцгүй үг л дээ. Монгол хэлний тайлбар толинд энэ үгийг “айл аймгийн хүмүүсээ түйвээх, бусниулах” гэсэн утгаар тайлбарладаг. Тэгвэл манайд иймэрхүү байдлаар хаяагаа хадардаг хүн олон. Тэр дундаа төрийн албанд нэг нэгнийхээ дэмжлэгээр мөр зэрэгцэн зүтгэж байж өөрийгөө бусдаасаа илт дөвийлгөх, хамтрагчдынхаа эсрэг сөрөг пи-ар хийх маягаар хийсэн ажлыг үгүйсгэх байдлаар илэрдэг.

Тухайлбал, ийм явцгүй имижийг өөртөө бүрдүүлсэн эрхэм бол Нийслэлийн Дэд бүтцэц хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү. Уг нь түүнийг хотын дарга орлогчоороо томилохдоо гар нийлэн хамтран зүтгэнэ гэж итгэсэн байж таарна. Иймдээ ч 1,3 сая хүн оршин суудаг Улаанбаатар хотын амин сүнс болох дэд бүтцийг салбарыг хариуцуулсан орлогчоор томилсон байх. Гэтэл П.Баярхүү өнгөрсөн хавраас эхлэн хотын даргаа хөөрхөн чимхэж эхэлсэн. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн МАН-ын Бага хурал зарлан хуралдах тов дуулдахтай зэрэгцэн хэвлэлээр “П.Баярхүү Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ. Гэхдээ үүнийгээ ихэд нууцалж байгаа” гэсэн мэдээлэл тараасан. Хамгийн хөгжилтэй нь уг мэдээлэлдээ өөрийгөө илт дөвийлгөж, “П.Баярхүү даргын хувьд бусад орлогчоосоо илүүү ажилладаг болов уу гэмээр харагддаг. Ер нь тэр Су.Батболдоос илүү ажилсаг, цэгцтэй Нийслэлийн Засаг дарга болж магадгүй. Ингэж хэлэхийн учир нь П.Баярхүү ирэх сарын 7-нд Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдвол МАН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга болох юм” гэсэн утгатай мессеж хаясан нь олон хүний хөх инээдийг хүргэсэн.  Үүнээс гадна тэрбээр “П.Баярхүү тун идэвхтэй ажиллаж байгаа нэгэн. Хотын дарга Су.Батболдоос ч илүү эрч хүчтэй ажиллаад байгаа юм. Харин Су.Батболд даргыг сул хүн гэсэн имиж нийгэмд нэгэнт тогтоод байх шиг байна. Тиймээс Улаанбаатар хотыг Засаг даргагүй байгаа юм шиг л орных нь хүнийг ярьцгаах болов. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хот шинэ даргатай болох нь вэ гэсэн яриа сүүлийн хэд хоногт тун эрчтэй яригдаад эхэллээ. Шинэ даргын нэр ус ч тодорсон. Тэр нь дээр хэлсэнчлэн Хотын орлогч П.Баярхүүг нэрлээд байна” гэснээр өөрийгөө ямар мөстэй хүн болохоо хамтрагчиддаа таниулсан. Хамгийн гол нь олны нүдэнд илт өөрийгөө муухай харагдуулах ийм мессежийг П.Баярхүү өөрөө захиалсан уу эсвэл түүнийг хайрцагласан тойрон хүрээлэгчид нь ийм явцгүй аргыг санаачилсан уу ямартай ч энэ бүхний тогсголд тэрбээр өөрөө муухай харагдаад өнгөрч байгаа юм.

Үнэндээ П.Баярхүү хотын даргын орлогч болохоосоо өмнө нэр цэвэр байсан уу гэвэл үгүй. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байхдаа  намынхаа нөхөртэй гар зөрүүлсэн тухай мэдээлэл олныг шуугиулж байлаа. Мөн өнгөрсөн хавар Сүхбаатар дүүргийн ахмадуудыг хамрын хийд рүү авч явах үед таагүй асуудал гарахад мань хүн мөн л өөрийгөө өмгөөлөөд өнгөрсөн. Түүнчлэн гадны зочид төлөөлөгчдийн өмнө дипломат бус зохисгүй авир гаргаж, нийслэлийн удирдлагуудыг эвгүй байдалд оруулсан. Тэгсэн атлаа тэрбээр энэ хугацаанд албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэж хамтран ажиллаж байгаа хүмүүсээ иймэрхүү байдлаар доош нь хийж байв.    

Гэхдээ П.Баярхүү хотын даргын орлогч болсноосоо хойш юу хийж, бүтээсэн бэ гэвэл асуудал арай өөрөөр яригдана. Түүний хувьд бусад орлогчоосоо арай илүү пи-ар хийдэг үү гэвэл тийм. Тиймдээ ч зам тавих нээлтийн ажиллагаа, зуслангийн газрын хашаа нураах тухай ярих, шугам хоолойн нүх ухах зэрэг ажлын явцад  цагаан цамц, зангианаасаа салахгүй хачин гоё зураг хөргөө цахим сүлжээнд гаргана. Магадгүй энэ идэвхи нь түүнийг бусад орлогчоосоо, хотын даргаас илүү ажилласан мэт харагдуулдаг байж болох талтай.  Харин түүний хийж буй ажил хэр үр дүнд хүрсэн бэ гэдэг нь эргэлзээтэй. Үнэндээ анх гарч ирэхдээ сургууль, цэцэрлэгийн орчимд хууль бусаар олгосон газрыг эгүүлэн авлаа хэмээн зураг хөргөө гаргаж байсан. Гэвч хууль бусаар барьсан хашааг нь буулгасан уу гэвэл үгүй. Өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн газраас хумслан барьсан хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн хашаа байсаар л байна. Мөн тэрбээр шинэ он гарахтай зэрэгцэн “Сервис центр” төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын айлуудын дэд бүтцийг бүрэн шийдэж хувьсал хийнэ” хэмээн амалсан. Гэвч он дуусахад 2 сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд байхад энэ амлалт хаана байна. Үнэндээ энэ бүхэн түүний хийнэ гэж амалсан, хийсэн гэж дүр исгэсэн ажлын дөнгөж эхлэл нь шүү.  

Үргэлжлэл бий...