Монголбанк бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах  шийдвэр гаргалаа

Мөнгөний бодлогын хороо дөрвөн удаа хуралддаг хуваарьтай бөгөөд хоёр өдөр хуралдаж, бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах  шийдвэр гаргав. Хэвлэлийн хурлын үеэр  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

"Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ оны сүүлийн ээлжит хурлаа 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хийлээ. Та бүхэнд Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулъя. Энэ удаагийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал болон цаашдын төлөвийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг харгалзан үзсэн болно:

Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд өмнө хүлээж байснаас сайжирсан боловч, ирэх онд саарах төлөвтэй байна. Тухайлбал,

  • Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр ирэх онд санхүүгийн нөхцөл хатуу хэвээр байж, глобал өсөлт саарахад нөлөөлнө.
  • Түүнчлэн, дэлхийн хоёр том эдийн засгийн нэг болох БНХАУ-ын эдийн засгийн төлөвийн талаарх хүлээлт сайн биш байгаа нь эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөвт сөргөөр нөлөөлж, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ.

Дотоод эдийн засгийн идэвхжил сайжирч, энэ оны эхний 3 улиралд 6.9 хувиар өслөө. 

  • Үүнд уул уурхай, тээврийн салбарын сэргэлт гол үүрэг гүйцэтгэлээ.
  • Өрхийн орлогын өсөлтийг дагаад дотоод эрэлт үргэлжлэн сэргэж, худалдаа, үйлчилгээ, мэдээлэл холбоо, бүтээгдэхүүний цэвэр татвар өсөлтийг дэмжиж байна.
  • Харин 2023 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуй, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч, ХАА салбар эхний 3 улиралд 9.5 хувиар агшсан нь өсөлтийг бууруулах чиглэлд нөлөөллөө.
  • Цаашид уул уурхайн үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, экспортын эрч хадгалагдвал энэ онд эдийн засаг 6.9 хувь, ирэх онд 6 орчим хувиар тэлэх боломжтой байна.  
  • Инфляц бидний өмнө танилцуулж байсан төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур буурч, энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувьтай гарлаа.

Ийнхүү инфляцын түвшин 2023 оны зорилтот түвшин болох 1 оронтой тоонд орж ирлээ.

  • Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж, тээврийн зардлууд бууран гадаад шалтгаантай үнийн дарамт буурсны зэрэгцээ сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын үр дүнд инфляц ийнхүү саарч байна.
  • Гэхдээ төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг цаашид нэмэгдүүлэхээр байна.

Энэ онд өндөр дүнтэй гадаад бондын төлбөрүүдийг амжилттай хийсэн хэдий ч, экспортын эрчтэй өсөлтийг дагасан урсгал тэнцэл, төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа.  

  • Үүний үр дүнд, 11 дүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрлээ.
  • Гэхдээ ирэх онд төсвийн зардлын өсөлттэй холбоотойгоор импортын эрэлт нэмэгдэх, дэлхийн зах зээл дээрх зарим түүхий эдүүдийн үнэ буурах зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг дагаад хэрэглээ, тэтгэврийн зээлийн өсөлт өнгөрсөн оны сүүлээс хурдтай нэмэгдлээ. Үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний импорт эрчимжих хандлага сүүлийн саруудад ажиглагдаж байна. Хэрэглээ, тэтгэврийн зээлийн өсөлт ийнхүү даамжирвал өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх, импортыг урамшуулах, үнийн өсөлтийг эрчимжүүлэх, бизнесийн зээл олголтыг хумих зэрэг эрсдэлтэй.

Инфляц зорилтот түвшин рүү буурах хурд удаашрах эрсдэлтэй байгаагийн зэрэгцээ хэрэглээний зээлийн өсөлт эрчимжиж байгааг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо дээрх шийдвэрийг гаргалаа.

Эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ч, эрсдэл өндөр хэвээр байна. Ойрхи-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Үүнээс гадна дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэх, эрдэс түүхий эдийн үнийн төсөөлөл муудах зэрэг эрсдэлүүд хэвээр байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхамыг Мөнгөний бодлогын хорооноос тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа! гэсэн юм.