МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг УДШ өнөөдөр хэлэлжээ. Ингэснээр МАХН-ын 2018 оны долоодугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзаж улмаар дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн гэж үзэж бүртгэв хэмээн УДШ-ийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Харин энэ мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү их л бачимдуу байгаа сурагтай. Учир нь, МАХН-ыг төлөөлөн УИХ-д суугаа цорын ганц гишүүн болох О.Баасанхүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Төрийн ордонд намынхаа Бага хурлын зохион байгуулж, өөрийгөө даргаар нь томилсон. Ингэхдээ тэрбээр МАХН-ын II Их хурлын чуулган гэж нэрлэсэн арга хэмжээг Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн, зохиолч, өмгөөлөгч Ч.Энхээ нарын хүмүүстэй хамтран Төрийн ордонд сүр дуулиантайгаар зохион байгуулсан юм. Улмаар уг хуралд оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэнэт МАХН-ын даргаар сонгогдсон. Үүний дараа энэхүү шийдвэр болон намын дүрмээ бүртгүүлэхээр тэрбээр Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр түүний энэ үйлдлийг хүлцээгүй. Иймдээ ч яг түүнийг УДШ-д хандахтай зэрэгцэн экс Ерөнхийлөгч О.Баасанхүүгийн үйлдлийг хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлэн намын хурлаа хийж, шинэ дүрэм, намын даргаа батлуулахаар Улсын дээд шүүхэд хандаад байсан ч шүүхээс эл дуулианыг намын дотоод асуудал хэмээн үзэж, дотооддоо учраа олохыг санал болгож, хоёр ч удаа хурлыг хойшлуулсан юм.
Тэгвэл Улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит бус Их чуулган зарлаж, шүүхийн шаардлагыг хангасан шинэ дүрэм, мөрийн хөтөлбөр боловсруулсан гэж үзжээ. Ингэснээр Н.Энхбаяр МАХН-ын албан ёсны дарга болж, намынхаа дүрмийн шинэчлэлийг ч батлууллаа.
