Допингтой бөхөд унасан хэд нь амжилтаараа хохироод үлдэх үү

Улсын гарьд Нямдоржийн Ганбаатарын сошиалаар дамжуулан хийсэн мэдэгдэл нэг хэсэг мартагдаад байсан допинг хэмээх сэдвийг олны анхаарлын төвд эргүүлэн авчирлаа. Дэлхийн аварга П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хэдэн жилээр хасуулж магадгүй болсон дуулиан намжиж амжаагүй байтал дахин нэг бараан мэдээ нийтэд түгсэн нь энэ.

Гарьд Н.Ганбаатар өөрийн мэдэгдэлдээ 2008, 2009 онд дараалан хүнд гэмтэл авсны улмаас өвдөгний чагтан холбоос тасарсан тухай дурдаад 2017 оны Улс тунхагласны ойн барилдааны үеэр өвчнөө дахин сэдрээсэн гэжээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард Бээжин хотод очин эмчилгээ хийлгэсэн байна. Энэ үеэр хийсэн эм, тарианаас нь хориотой эмийн илэрц илэрчээ. Одоогоор зөвхөн Н.Ганбаатар сэргээшийн шинжилгээнд бүдэрснээ мэдэгдээд байна. Түүнээс гадна өөр хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх албан бус мэдээлэл бий. Допингийн эсрэг үндэсний төв, МҮБХ зэрэг эрх бүхий байгууллагууд удахгүй албан ёсоор зарлах байх.

Тэр бөхөөс допинг илэрлээ гэж шуугихдаа бид тун сайн. Харин үүний цаадах үр дагавар, хохирлыг нэг их анзааралгүй өнгөрөөд байх шиг. Нэг ч байна уу, гурав ч байна уу хэрэглэсэн бөхчүүд нь зохих шийтгэлээ хүртэх байх. Дүрэм ёсоороо бол барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, авсан цол, чимгийг нь хураах ёстой. Гэхдээ энэ дүрэм манайд хагас дутуу хэрэгждэг. Нэг бол цолыг нь хураана, эсвэл эрх хасдаг гэсэн үг. Монгол бөхийн түүхэнд допинг хэрэглэснээс болж шинээр авсан цолоо хураалгасан хоёр л тохиолдол байдаг нь Б.Суманчулуун, Н.Адъяабат нар юм. Харин бусад тохиолдолд зөвхөн барилдах эрхийг хасаад өнгөрсөн байдаг. Үүнээс гадна допинг хэрэглэсэн бөхчүүдэд унасан бөхийг хэрхэх вэ гэдэг асуудал ч бүрхэг.

Уг нь олон улсын жишгээр бол хэрэгтэн нөхрийн цол, медалийг хурааж, түүнд ялагдсан бөхөд нэхэн олгодог. Бидэнд хамаатай, хамгийн ойрхон жишээ гэвэл 2002 оны чөлөөтийн ДАШТ-д гавьяат тамирчин О.Пүрэвбаатарт мөнгөн медаль нөхөн олгосон явдал. “Ооска” тэр жилийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан ч түүнийг ялж, мөнгө дээр буусан Туркийн Х.Доганаас хожим сэргээш илэрсэн. Улмаар манай хүнд мөнгөн медалийг олгож байв. Уг нь иймэрхүү заалт Үндэсний их баяр наадмын тухай хуульд ч бий. Тухайлбал, “Сэргээш илэрсэн бөхөд цол, чимэг хүртэх даваанд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгоно” хэмээн уг хуульд заажээ. Хуулийн энэхүү заалтыг хэрэглэсэн ганцхан тохиолдол байдаг нь 2013 он. Тэр жил улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нараас допинг илэрч байв. Улмаар Х.Мөнхбаатарт тавын даваанд өвдөг шороодсон улсын начин Ж.Оргил өсөх идэр чимэг нэмж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшин харцага болон дэвшиж, долоогийн даваанд унасан улсын начин Т.Санчирт заан цол хүртээсэн юм. Бусад тохиолдолд дүрмийн энэ заалтыг огт хэрэглэхгүй явсаар өдийг хүрчээ.

Хэрэв бид хууль, дүрмээ баримталдаг бол энэ жилийн баяр наадмаар Н.Ганбаатарт тавын даваанд өвдөг шороодсон аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Харин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс ямар шийдвэр гаргах нь эргэлзээтэй. Уг нь олон улсад бол дүрмэндээ юу гэж заасан, түүнийхээ дагуу шийдвэр гаргадаг тул шийдвэрийг нь бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манайд допингийн тохиолдол бүрт өөр шийдвэр гаргаж ирсэн урьд өмнөх түүх маргаан дагуулах үндэс болжээ.

Тиймээс энэ удаа нутаг нуга, жалга довны үзлээ хойш тавьж, бүгдийг хууль журмын дагуу шийдэх нь сайн жишиг болж үлдэх учиртай. Адилхан л улсын баяр наадамд амжилттай барилдаж, цолоо ахиулахын төлөө хөдөлмөрлөж буй залуусыг алаг үзэх ёсгүй гэдгийг хаа хаанаа бодолцмоор байгаа юм.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат хурц арслан Б.Эрдэнэхүүг бөхийн хорхойтнууд андахгүй. 2010 онд нутгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан болж, 2015 онд дахин түрүүлж, хурц чимэг хүртсэн нэгэн. Аймагт хоёр түрүүлж, нийт долоо шөвгөрсөн амжилтаараа өдгөө аймаг, цэргийн цолтнуудын дөрөвт эрэмбэлэгдэж байгаа. Тиймдээ ч Хонгор нутгийнхан түүнийг улсын цол авах дараагийн хүчтэн хэмээн итгэл хүлээлгэдэг.

Улсын аварга Ч.Санжаадамба нэгэн ярилцлагадаа “Сэргээш хэрэглэсэн бөхчүүдээ сайн хянаж, зохих шийтгэлийг нь оноомоор байна. Тэгэхгүй бол үнэн хүчээрээ зүтгэж яваа биднийг хэмхчиж хаячих гээд байх юм” хэмээн өгүүлсэн удаатай. Санжаадамба бөхчүүд дунд бяр чадлаараа ямар их гайхагддаг хүчтэн билээ. Гэтэл эгэлгүй хүчтэнийг хэмхчиж хаячих гээд байдаг гэхээр мөн ч их бяр ордог байж таарах нь. Тэгвэл ийн бяр орсон бөхчүүдтэй таарч барилдаад унасан бөхчүүд гомдолтой байх нь мэдээж.

Риогийн олимпийн өмнө чөлөөтийн Э.Сумъяагаас сэргээш илэрсний дараа түүний өрсөлдөгч Д.Отгонцэцэг гомдолтой байгаагаа ний нуугүй илэрхийлсэн. “Допинг хэрэглэсэн тамирчинтай барилдсан, шударга бус байна” гэж. Аргагүй л дээ, хоёр өөр нөхцөл байдалтай тамирчин хоорондоо тулсан юм чинь.

Бөхчүүд энэ мэтээр сэргээшийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэдний хүсэл бидний л нэгэн адил монгол бөхийг сэргээшгүй цэвэр болгох. Харин эмчилгээ хийлгэсэн нэрийдлээр сэргээш хэрэглэснээ мэдээгүй хэмээн мэлзэх бөхчүүдэд хатуу арга хэмжээ авахгүй бол энэ байдал улам газар авах нь. Сэргээшийн эсрэг хяналтаа чангатгаж, илэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу нэгэн адил арга хэмжээ авах, шударгаар барилдсан хэрнээ хохирсон бөхчүүдийг гомдолгүй болгох нь энэ тэмцэлд хийх нэгэн чухал алхам байх болов уу.

 

С.Нацагтовуу