Д.Сумъяа хагас шигшээд шалгарч, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар дагах барилдаан хийнэ

“Баку-2018” жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Энэ өдөр манай дөрвөн бөх хүч үзснээс гурав нь медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр “В” хэсэгт Германы Энтони Зинггийг 2:31 минутад цэвэр ялж гараагаа амжилттай эхэлсэн. Гавьяат хоёрдугаар тойрогтоо Узбекистаны Хикматилох Тураевт вазари үнэлгээгээр ялагдаж явсан ч цаг дуусахаас 3 секундын өмнө “иппон”-оор буулгаж авлаа. Улмаар БНСУ-ын Ан Жү-Сүнийг 1:06 минутад хөмрөх мэхээр цэвэр ялснаар шилдэг наймд шалгарсан. Гэвч хэсгийн аваргын төлөө залуучуудын дэлхийн аварга Азербайжаны Хедаят Хейдаровыг вазари үнэлгээгээр ялагдснаар дагах барилдаан хийхээр болж байна. Тэрбээр Казахстаны Заншай Смагуловтой торгуульд барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ан Чанрим, Ираны Мохаммед Мохаммеди нарын ялагдсантай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Мөн энэ жинд зодоглож буй залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар дагах барилдаан хийхээр боллоо. Тэрбээр Португалын Нуно Сараиваг вазаригаар, Тажикстаны Сомон Махмадбековыг нэмэлт цагт вазаригаар буулгаж авсан бол шилдэг наймд үлдхийн төлөө Азещрбайжаны шигшээ багийн ахлагч, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Рустам Оружовыг шүтэн бишрэгчдийнх нь өмнө алтан цагт яллаа. Харамсалтай нь манай бөх хэсгийн аваргын төлөө залуучуудын дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ан Чанримд цэвэр ялагдаж торгуулийн тойрогт хүч үзэхээр болсон. Тэрбээр Лондонгийн олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвилиг ялбал хүрэл медалийн төлөө Японы Соичи Хашимото болон Азербайжаны Хедаят Хейдаров нарын ялагдсантай хүч үзнэ.

Харин 57 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа Сербийн Жована Рогич, Канадын Жессика Климкаит, Францын Хелена Ресевү нарыг ялж их шөвөгт шалгараад байна. Ингэснээр тэрбээр дөрөв дэх жилдээ ДАШТ-ий медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Түүнтэй энэ жинд хамт өрсөлдсөн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн БНСУ-ын Квон Юү-Жинд вазари үнэлгээгээр ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.