Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ыг удирдахаар боллоо

Нийслэлийн МАН-ын Бага хурал өчигдөр 09.00 цагт эхэлж, өнөөдөр үүрээр 05.30 цагт өндөрлөсөн байна. 2012 оноос хойш зарлан хуралдуулаагүй тул хэлэлцэх асуудал их дээр нь даргаа шинээр сонгох гээд дуулиан шуугиан дунд болсон энэ удаагийн хурлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргаар сонгогдлоо. Түүнийг Бага хуралд оролцогчдын олонх буюу 50,6 хувийн саналаар сонгосон юм. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболдын толгойлдог хотын фракци анх удаа ялагдал хүлээсэн гэхэд болно. 

Өчигдөр эхэлж өглөө үүрээр өндөрлөсөн нийслэлийн МАН-ын бага хурал ширүүхэн уур амьсгал дунд болсон. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас Хотын дарга С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн юм. Хурлын үеэр намын Бага хурлын гишүүд намдаа салхи оруулах, 60 тэрбумаас ангижрах алхам болсон хэмээн байр сууриа илэрхийлсээр байсан бөгөөд ийнхүү Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргаар сонголоо. Хурлын дараа Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад "2016 оны улс төрийн намын сонгуулийн үр дүнгээс хойш нийслэлийн намын хороо шинэчлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогоос жил гаруйн өмнө намын хорооны дарга ажлаа хүлээлгэж өгч, түр орлон гүйцэтгэгчтэй байж байгаад албан ёсны ээлжит 34-р Бага хурлаа хийж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар миний бие сонгодлоо. Энэ удаагийн сонгууль дотоод ардчилалтай өрсөлдөөний зарчимаар боллоо. Хийх ажил маш их байгаа. Ялангуяа 2016-2020 оны намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжинд улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож, шийдвэр гаргана" гэсэн байна.