Өнөөдөр манай гурван жүдоч хүч үзнэ

Азербайжаны нийслэл Баку хотын National Gymnastics Arena-д 2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр эрэгтэй -66, эмэгтэй -52 кг-ын жингийн аваргууд тодрох бөгөөд манай гурван жүдоч хүч үзнэ. Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд "World Masters" тэмцээний аварга ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "МТ" группын тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн зодоглоно. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваанд Туркийн Синан Сандалтай учраа таарсан улмаар өрсөлдөгчөө ялбал Марокко, Доминиканы ялсантай 1/16-д барилдах бол шилдэг наймд үлдхийн төлөө Монтенегно, Ирланд, Саудын Араб, Унгарын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

Мөн энэ өдөр ХХЕГ-ын "Хилчин" спорт хорооноос ОУХМ Ганболдын Ганцэцэг, Бишрэлтийн Хорлоодой нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

Г.Ганцэцэг эхний тойрогтоо Австралийн Тинка Ястонтой хүч үзэх бөгөөд ялсан тохиолдолд Бразил, Вьетнамын бөхчүүдийн ялсантай барилдах боломжтой. Улмаар өрсөлдөгчдөө буулгаж авсан тохиолдол шилдэг наймд шалгаран Японы Ута Абетай учраа таарах магадлал өндөртэй.

Харин Б.Хорлоодой эхлээд Узбекистаны Гулноза Зияеватай барилдана. Улмаар ялсан тохиолдолд шилдэг наймд шалгарахын төлөө Бельгийн Чарлин ван Сник, Их Британы Челси Жилес нарын ялсантай барилдах боломжтой.