Нийслэлийн МАН-ын Бага хурал цагдаагийн хамгаалалт дор болж байна

Өнгөрсөн хавар болохоор товлогдоод байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр урьдчилан таамгалаж байсанчлан халуухан уур амьсгал дунд эхлэв.

Үнэндээ хотын МАН-ын хорооны Бага хурлыг зургаан жилийн турш буюу 2012 оноос хойш зарлан хуралдуулаагүй, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нийслэлд ээлж дараалан ялагдал хүлээсэн мөн экс дарга Ц.Сандуйгийн оронд хэнийг томилох вэ гээд ярилцаж хэлэлцэх, шийдэх асуудал чамгүй их тул энэ удаагийн хурал хатуу сахилга бат дор ажил хэрэгч болж өрнөх болов уу хэмээн намын үнэнч гишүүд нь хүлээж байсан. Гэвч 90 гаруй жилийн түүхтэй ах намын хурал эхлэхтэй зэрэгцэн зарим дүүргийн төлөөлөгч мандатын асуулдаар шуугиан дэгдээж, хурал зохион байгуулагчдыг сандаргаад авсан бол үзэл бодлоо илэрхийлэх гэсэн юм хэмээсэн зарим нь Хүүхдийн ордны гадна уриа лоозон барьж зогссон. Мөн "Ноцтой мэдээ" сонины эрхлэгч Ч.Галсансүх МАН-ын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар нийтлэл гаргасан сониноо тараан багагүй үймээн дэгдээхтэй зэрэгцэн цагдаагийн байгууллагынхан ирж Хүүхдийн ордны байрыг хамгаалалтад авсан юм.

Юутай ч энэ удаагийн хурлаар Ц.Сандуйг хэн орлох вэ, Удахгүй болох УИХ-ын 2020 оны сонгуульд нийслэлийн МАН-ыг хэн толгойлох вэ гэдэг утгаараа олны анхаарлыг татаж байгаа. Иймээс ч өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй хуралдан улмаар нууц санал хураалт явуулж, олонхийн санал буюу есөн гишүүний саналаар хотын дарга С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хотын дарга асан Ц.Батбаяр нар нэр дэвших нь гэж байсан ч экс хотын дарга нэрээ татсанаар түүний оронд НИТХ-ын дарга С.Амарсайхан нэр дэвшинэ гэсэн мэдээлэл түгсэн. Гэвч нэр дэвшигчид хоорондоо таарамж муутай бие биенийхээ эсрэг пиар явуулсаар байгаа юм. Тухайлбал, дөнгөж сая МАН-ын зарим иргэн хэвлэлийн хурал хоёр нам дагасан бүлэглэл дарга болохгүй гэсэн бол нөгөө хэсэг нь 60 тэрбумынханд нийслэлийн МАН-ын хороог атгуулж болохгүй гэж байлаа.   

Дашрамд мэдээлэхэд, Бага хуралд нийт 369 төлөөлөгч оролцох бөгөөд намын анхан шатны нэгж болох МАН-ын 152 үүр тус бүрээс 1-2  саналын эрх бүхий төлөөлөгч, мөн намын анхан шатны нэгжээс сонгогдоогүй нийт 80 хүнд шууд байдлаар квот олгож, мандатаар Бага хуралд оролцож байгаа юм.