М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа

"Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдрийн хэсгийн барилдаанууд явагдаж медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн бөхчүүдийг Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг тэргүүлэн барилдаж байгаа бөгөөд Узбекистан, Куба, Португалын жүдочдыг бүгдийг нь цэвэр ялснаар их шөвөгт шалгараад байна. Тэрбээр хагас шигшээд өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Фүна Тонакитай учраа таарлаа. Харин нөгөө хэсэгт олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето, Украины Дария Билодидтэй барилдахаар болсон байна. П.Парето тус тэмцээний гол фаворит ОХУ-ын Ирина Дольговаг буулгаж авсан бол Украин бүсгүй Косовогийн Дистриа Красничи, Г.Отгонцэцэг нарын шилдгүүдийг ялаад байна. Харин эрэгтэйчүүдийн хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга Японы Риюүжи Нагаяма, дэлхийн хошой аварга Наохиса Такатотой учраа таарсан бол ОХУ-ын Роберт Мшвидобазе, Гүржийн Амиран Папиниашвилитэй барилдана.