М.Уранцэцэг эхний ялалтыг авч, Б.Амартүвшин өрсөлдөөнийг орхилоо

“Баку-2018” жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын аваргууд тодорно. Эрэгтэйчүүдийн -60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Женко клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин эх орноо төлөөлсөн. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Азербайжаны Орхан Сафаровт ялагдал хүлээсэн. Ингэснээр манай бөх үзэгчдийн суудалд шилжсэн бол гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эхний өрсөлдөгч болох Узбекистаны Маржона Салохитдиноваг сууж үүрэх мэхээр цэвэр ялж, монголын багийн эхний ялалтыг байгууллаа. Одоо тэрбээр шилдэг наймд өрсөлдөхийн төлөө Кубын Мелисса Хуртадо-Мунезтэй хүч үзнэ. Хэрвээ өрсөлдөгчөө ялбал “А” хэсгийн аваргын төлөө Унгарын Эва Серновицки болон Португалын Катарина Коста нарын ялсантай барилдана.