Хэдийгээр цаг агаар гадаа хасах хэмийг зааж буй ч улс төр тэр дундаа МАН дотор нэмэх хэмтэй “халуухан” өдрүүд үргэлжлэх нь. Учир нь маргааш буюу есдүгээр сарын 21-нд Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал болно. Энэ хурлаар намын Хяналтын хорооны тайланг хэлэлцэхээс гадна нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгох юм.
Тэгвэл яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдах зар тараад байна. Гэвч ирц бүрдээгүй, Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн цуглараагүй байна. Хэдийгээр зарим нь МАН-ын Удирдах зөвлөл ямар шалтгаанаар хуралдах нь тодорхойгүй гэж буй ч маргааш болох Нийслэлийн МАН-ын Бага хуралтай холбоотой гэх мэдээллийг зарим эх сурвалж өгсөн. Мөн энэ хурал “халуухан” уур амьсгал дунд өрнөж мэдэх бөгөөд үүний хамгийн том шалтгаан нь мэдээж нийслэлийн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн юм. Юутай ч одоогоор нийслэлийн МАН-ын даргад гурван хүн нэр дэвшихээр болсон тухай яригдаж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, хотын дарга асан Ц.Батбаяр нар.
Үнэндээ бол өнгөрсөн тавдугаар сараас эхлэн нийслэлийн Засаг дарга С.Батболд болон УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар энэ суудлын төлөө өрсөлдөх нь тодорхой байсан. Иймээс ч тэдний хэн хэн нь өөрсдийн пиараа эртнээс эхлүүлж хэвлэлээр дайтсанаас гадна элдэв жагсаал цуглаан зохион байгуулсан. Тухайлбал, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргын хувиар элдэв арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболдод “МАН-ын хорооны 34 дүгээр Бага хуралд оролцох төлөөлөгчдийн тоо бага тул намын олон мянган гишүүний хүсэл зоригийг илэрхийлсэн хурал болно гэдэгт эргэлзэж байна” гэсэн утга бүхий албан бичиг илгээж байв. Харин нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболд “Энэ удаагийн бага хуралд оролцох 369 төлөөлөгч нь өмнөх жилүүдэд хуралд оролцож байсан гишүүдийн тооноос 100 гаруй хүнээр илүү байгаа. Мөн 69 квотоор төлөөлөгч оруулахаар шийдвэрлэсэн нь МАН-ын Их хурал болон нийслэлийн МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийг сонгож ирсэн түүхэн уламжлал, намын дүрэмд нийцэж байна хэмээн тайлбарлаж байлаа.
Тэгвэл тус намын Бага хуралтай холбоотой өөр нэг мэдээлэл ирж буй нь МАН-ын фракциуд доторхи зөрчил. Товчхондоо МАН-ын бүлэглэлүүд өөрийн хүнээр хотыг атгуулахыг хүсч буй нь нууц биш.
Тэгвэл зарим эх сурвалж МАН-ын томчууд ойр ойрхон уулзах болсон гэх мэдээллийг өгсөн. Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболд, Т.Бадамжунай, Су.Батболд, Ц.Сандуй нар ойрын үед байнга шахам уулзалт зохион байгуулж буй бөгөөд тэд Ерөнхий сайд намын дарга байдаг жишгийн адилаар хотын дарга нийслэлийн намын хороог тэргүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн тухай яриа чих дэлсэж байна. Хэрэв энэ баттай бол маргаашийн Бага хурлаар С.Батболд олонхийн дэмжлэг авч болох талтай. Үүний тулд УИХ-ын дарга М.Энхболд чамгүй ажил хийж буй нь ч тодорхой. Учир нь М.Энхболд тэргүүтэн нийслэлийн МАН-ыг алдах юм бол байдал ерөнхийдөө эвгүйднэ гэдгээ тун сайн мэдэж байгаа. Иймээс ч тэд С.Батболдын гол өрсөлдөгч болох Д.Сумъяабазарыг хууль тогтоох дээд байгууллага УИХ болоод Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа тул нийслэлийн МАН-ыг давхар атгуулах нь дэмий гэсэн гэх. Мөн зарим нь Д.Сумъяабазар МАН-ын харьяаны хэд хэдэн байгууллагыг удирддаг хэрнээ заавал хотын намын хорооны дарга болох гээд зүтгээд буй нь утгагүй гэцгээж байгаа юм. Түүнчлэн хотын дарга асан Ц.Батбаярын тухайд УИХ-ын дарга М.Энхболдын фракцийн хүн гэгддэг. Иймээс тэрбээр маргааш болох Бага хурлаар Д.Сумъяабазарын саналыг хувааж мэдэх бөгөөд учир нь тэрбээр “давхар дээлт”-тэй хүмүүсээр нийслэлийн МАН-ын удирдуулах ашиггүй. Иймээс намайг дэмжиж өгөөч гэсэн бичгийг УИХ-ын дарга М.Энхболд болоод Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нарт бичсэн гэсэн мэдээлэл байна. Юутай ч энэ бүхнээс харвал маргааш болох МАН-ын Бага хурал нэлээн ширүүн бас халуухан уур амьсгал дунд болох нь тодорхой юм.
