Жүдо бөхийн ДАШТ 14:00 цагаас эхэлнэ

“Баку-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэдхэн цагийн дараа буюу Улаанбаатарын цагаар өнөөдөр 14:00-д эхлэх гэж байна. Тус тэмцээний суглааны үйл ажиллагаа болон техникийн зөвлөлгөөн Баку хотын “Кавказ” зочид буудалд болж, 125 орны 758 жүдоч суглаанд нэрээ өгчээ. Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 23 дахь дэлхийн аваргад 460 эрэгтэй, 298 эмэгтэй жүдоч оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа. Үүнээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 82 бөх хүч үзэх бол эмэгтэй 57 кг-ын жинд 52 бөх суглаанд нэрээ өгчээ. Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, эмэгт эй 48 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт мөнгөн медальт ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин Мөнхбатын Уранцэцэг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин нар зодоглоно.

Насанд хүрэгчдийн анхны ДАШТ-дээ оролцох Б.Амартүвшин суглаагаар D хэсэгт хуваарилагдаад эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт эзэн орны бөх ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Орхан Сафаровтой барилдахаар боллоо. Сафаров өнгөрсөн оны дэлхийн аваргаас хойш 66 кг-ын жинд зодоглож Обервартын Европын нээлттэй тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар дэлхийн аваргад зодоглох бол манай залуучуудын дэлхийн хошой хүрэл медальт Б.Амартүвшин Тайваний олон улсын тэмцээн Хааг,Анатальягийн Гран При тэмцээнүүдээс хүрэл медаль хүртээд байгаа. Тэд албан ёсны тэмцээн дээр учраа таарч барилдаагүй ч Улаанбаатар болон олон улсын хамтарсан бэлтгэл дээр удаа дараа гар зөрүүлж байжээ.

Мөн энэ өдөр М.Уранцэцэг гавьяат уламжлал ёсоор жингээ тэргүүлэн А хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд Шинэ Зеланд, Узбекистаны бөхчүүдийн ялсантай хүч үзэх бөгөөд гуравдугаар тойрогтоо залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Кубын Мелисса Хуртадо Муноз, АНУ-ын Кэйтлин Жеррелл нарын ялсантай шилдэг наймд үлдхийн төлөө хүч үзнэ. Түүний хэсгийн доод талд Унгарын Эва Серновицки ОХУ-ын Сабина Жилиазоватай, Бельгийн Анне-Софи Жура Румыний Моника Унгурауни, Португалийн Катрина Коста нарын нэр байна. Тэдний ялсантай М.Уранцэцэгхэсгээ тэргүүлхийн төлөө өрсөлдөх таамаг байна. Харин олимп, дэлхийн хүрэлтэй Г.Отгонцэцэг /Казахстан/ Бразилийн Габриэла Чибанатай эхний барилдаанаа хийх бөгөөд шилдэг наймд шалгарвал Украины залуу од Дария Билодедтэй хүч үзэх магадлалтай. Энэ онд ялагдал амсаагүй яваа Украин бүсгүй эхний тойрогтоо гоц мөргөсөн ч хоёрдугаар тойрогт Косовогийн Дистриа Красничитэй оноолт таараад байна. Косово бүсгүй хэдийгээр 52 кг-ын жингийн дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж байгаач ДАШТ-д 48 кг-д оролцохоор болжээ. Мөн энэ жингийн сонирхолтой барилдаануудын нэг ОХУ-ын Ирина Дольгова болон олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето нарын хооронд болох нь гарцаагүй боллоо. Тэд С хэсэгт хуваарилагдсан бөгөөд хоёрдугаар тойргоос нэг нь өрсөлдөөнийг орхино.