Жүдо бөхийн ДАШТ-ий өмнөх прогноз #4

“Баку-2018” жүдо бөхийн ДАШТ эхлэхэд долоо хоног үлдлээ. Энэ удаагийн ДАШТ-д 130 орны 804 оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа. Энэ нь оролцогч орнуудын хувьд түүхэнд гуравт орох үзүүлэлт бөгөөд 2007 оны Рио де Жанейрогийн ДАШТ-д хамгийн олон буюу 138 улс, 2011 оны Парисын ДАШТ-д 132 орон оролцож байлаа. Мөн оролцогчдын тоогоороо “Парис-2011” ДАШТ 871 тамирчин /1 жинд 1 улсаас 2 тамирчин оролцож болдог байв/ оролцсноор дээд үзүүлэлт болсон бол “Токио-2010” ДАШТ-д  847 жүдоч хүч үзэж байжээ. Харин “Баку-2018” ДАШТ-ий хувьд нэг улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 тамирчин оролцуулж болдог болсноос хойшх /2014 он/ хамгийн олон улс болон тамирчид оролцох ДАШТ болох нь. Энэ сарын 23-ны өдөр “Баку-2018” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн -81, эмэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд тамирчид хэрхэн группт хуваагдахыг хүргэе.

-81 кг:

Энэ жин 59 орны 80 жүдоч хүч үзэх бөгөөд “Жакарта-2018” Азийн наадмын алтан медалиа харамсалтайгаар алдсан Ираны Саид Моллай тэргүүлэн барилдана. Тэрбээр А хэсэгт тэмцээний чансааны 8-рт эрэмбтэй Бельгийн Маттъяс Кассетэй хуваарилагдах бол “В” хэсэгт манай ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин “Токио-2017” Гранд Сламын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар, ОХУ-ын Аслан Лаппинаговтой хуваарилагдана. Оросын 25 настай залуу өнгөрсөн оны “Мастерс”-т үзүүрлээд Дюссельдорф болон Европын АШТ-ээс хүрэл медаль хүртээд дэлхийн дэвжээнд зодоглохоор болжээ. Улмаар энэ хэсгийн ялагч “А” хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөх боломжтой болно. Харин С хэсгийн Недерландын Франк де Вит тэргүүлэн Японы Сотаро Фүживаратай хуваарилагдана. Мөн “D” хэсгийг “Рио-2016” олимпийн аварга ОХУ-ын Хасан Халмурзаев болон Германы Доминик Ресселтэй нар тэргүүлэн барилдана. Х.Халмурзаев өнгөрсөн онд Германы өөр нэг жүдоч “Будапешт-2017” дэлхийн аварга Александр Вейшерзакт ялагдснаар дэлхийн аварга болох боломжоо алдсан билээ. Энэ жинд дэлхийн аварга Александр Вейшерзак, Гүржийн Забеда Рехвиашвили, Болгарын Ивайло Иванов, БНСУ-ын Ли Сеон-Су, Азийн наадмын аварга Казахстаны Дидар Камза нар суглаагаар шидэгдэхээр болсон байна.

-63 кг:

Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинг сүүлийн 6 жилд Францын Кларис Агбегненү болон Словений Тина Трстеняк нар тэргүүлсээр байгаа “Рио-2016” олимпийн наадмаас хойш Францын жүдоч өрсөлдөгчөө давамгайлсан бөгөөд өнгөрсөн онд алдсан дэлхийн аваргын хэргэмээ эргүүлэн аваад байгаа. Тэрбээр “А” хэсгийг тэргүүлэх бөгөөд Австралийн Катрина Хайкертай группээ толгойлно. Харин түүний гол өрсөлдөгч Тина Трстеняк С хэсэгт Австрийн Катрин Унтервурзахертэй хуваарилагдахаар болсон бол дэлхийн хошой хүрэл медальт Японы Микү Таширо Недерландын Жуул Франссетэй “D” хэсэгт, Герман Мартина Трейдос, Словений АндрежаЛескитэй “В” хэсэгт хуваарилагдахаар боллоо. Харин өнгөрсөн оны ДАШТ-ий нээлт Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг, ОУХМ Болдын Ганхайч нар суглаагаар хоёр зоонд нэр нь шидэгдэх учиртай. Энэ жинд 34 улсын нийт 44 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байна.